Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима өнөөдөр бараалхав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн яриа хэлэлцээний үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн Нэн буурай, далайд гарцгүй, арлын жижиг хөгжиж буй 92 улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, шийдэл, гарц олоход Дээд төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэндчилгээ уламжлахыг хүсэв.
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа. Тэрбээр Монгол Улс нь олон улсын тавцанд тэнцвэртэй байдал бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв. Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж буйг өндрөөр үнэлдэгээ хэлээд, НҮБ дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцолж, 2017 онд Монгол Улсын санаачилгаар байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Түүнчлэн ирэх онд Руанда Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хуралд оролцохыг урилаа.