Ламхай нарын шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар ЦЕГ мэдээлэл өглөө.
Өгсөн мэдээллээр “ЦЕГ-ын хойшлуулшгүй ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий 3 хүүхдийн асуудал болон холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдаж байна. Ажиллагааны явцад ЦЕГ-ын зүгээс холбогдох саналыг улсын ерөнхий прокурорын газарт танилцуулснаар хэргийн харьяаллыг мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Одоогийн байдлаар шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч гэх нэр бүхий гурван хүүхдийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д заасны дагуу нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний үндсэн дээр мэдээллэнэ. Зөвхөн хохирсон гурван хүүхдийг шинжилгээнд хамруулах биш, холбогдож байгаа үлдсэн хүүхдүүдийг ч мөн адил хамруулна. Одоогийн байдлаар нийт 7 хүүхэд шинжилгээ өгөөд байна. Одоогийн байдлаар хэрэгт холбогдсон хүүхдүүд Энэтхэг явсан гэх мэдээлэл манайд ирээгүй. Хэрвээ хохирогч хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол гэр бүлийн хүмүүсээс санал асуухгүйгээр хамгаалалтад авах хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Тиймээс хэрэгт холбогдогч нар нь гэр бүлийн хүмүүс биш учраас гэр бүлийн гишүүдээс нь санал асуусны дараа хамгаалалтад авна. Одоогийн байдлаар нэг хүүхдийг хамгаалалтад аваад байна. Бусад хохирогч хүүхдүүд хүсэлт гаргасан тохиолдолд ГБХЗХГ болон холбогдох хүүхэд хамгааллын байгууллагууд хамгаалалтад авах бүрэн боломжтой. Бэлгийн хүчирхийллийн асуудал нь нийгмийн хүнд сэдэв учраас хэвлэл мэдээллийн салбар мэдээлэхдээ анхаарах хэрэгтэй байгааг хэлмээр байна” гэв.