Он гарснаас хойш гурилын үнэ үе үе нэмэгдэж байна гэж иргэд бухимдаж байна. Одоогоор нэг килограмм гурилын үнэ 150-250 төгрөгөөр өссөн гэж худалдаа эрхлэгчид хэллээ. Тухайлбал, Алтантариа гурил оны эхэнд буюу нэгдүгээр сард 2449 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 3100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Гурилын үнийн өсөлтийн талаар гурил үйлдвэрлэгчид “Гурилын үндсэн түүхий эд болох улаанбуудайн нөөц нь хангалтгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа учраас гурилын үнэ нэмэхээс өөр аргагүй. Бидэнд цогц, уялдаа холбоо бүхий төрийн зохицуулалт хэрэгтэй байна” гэдэг тайлбарыг өгч байна. Харин гурилын үнэ өсөх тусам бидний өдөр тутмын хэрэглээний талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх нь цаг хугацааны л асуудал боллоо гэж иргэд бухимдаж байна.
Барс худалдааны төвийн худалдагч “Хамгийн сүүлд зургаадугаар сар гарснаас хойш нэгдүгээр гурил 160₮, дээд гурил 60 төгрөгөөр нэмэгдсэн. Сүүлийн үед байнга нэмэгдэж байна. Дээд гурил арванхоёрдугаар сард 57 мянган төгрөг байсан. Одоо 62 мянган төгрөг болсон байна. Ер нь намар л үнэтэй байсан. Тэр чигээрээ л байна. Улаанбаатар түрүүлээд нэмэгдсэн байж байгаад, Алтантариа саяхан нэмэгдсэн. Ер нь том үйлдвэрүүд нь үнээ нэмэхээр бусад нь дагаад нэмдэг.
Худалдан авагчид биднийг үнээ нэмсэн юм шиг л загнадаг, уурладаг. Бид үйлдвэрээс нь нэмэгдсэн үнээр л авч байгаа юм. Харин үйлдвэрлэгчид бидэнд ямар шалтгаанаар яагаад нэмсэн тухай тайлбар огт хэлдэггүй” гэсэн юм.
Иргэн “Манайх кафетай юм. Гурилын үнэ сүүлийн үед их нэмэгдэж байна. Саяхан л 25кг-тай гурилын 30 орчим мянгаар авдаг байсан. Одоо бараг 50 мянга болсон байна. Нэгдүгээр гурил, дээд гурил их тасардаг. Тасраад ирэхээрээ үнэ нь нэмэгддэг. Том савлагаатай нь байхгүй болж байгаад ирэхээрээ үнэ нь нэмэгдсэн байдаг. Гурилын үнэ нэмэгдэх тусам бидний хийж буй гурилан бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэнэ.
Иргэн “Сүүлийн үед гурилын үнэ байнга өсөж байна. Ингээд гурилын үнэ өсөх тусам талх, боорцгийн үнэ дагаад өсөх нь тодорхой. Гурилын үнэ яагаад өсөөд байгаа цаад шалтгааныг нь олж, тогтоогоод, тогтвортой байлгах хэрэгтэй байна” гэсэн юм.
Барс худалдааны төвд өнөөдрийн байдлаар:
- Улаанбаатар дээд гурил 25кг – 60 500₮
- Улаанбаатар 1-р гурил 25 кг -51 000₮
- Улаанбаатар 2-р гурил 25 кг – 35 000₮
- Алтантариа ширхэгтэй дээд гурил 25 кг – 77 500₮
- Алтантариа дээдийн дээд гурил 25кг – 32 000₮
- Өег дээд гурил 25кг- 56 000₮-өөр худалдаалагдаж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.