Бид "Хайр" УСК-нд дүр бүтээж, кино нээлтийн үеэр гэрлэх санал тавьсан Нурка буюу Б.Нурсултан, түүний найз охин Э.Энхномун нартай ярилцлаа.
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад сонирхолтой байх. Гэрлэх санал тавьсан, хүлээж авсан сэтгэгдлүүдээсээ хуваалцаач?
Нурка: Киноны нээлтийн үеэр бид хоёр сүй тавьсан гэж болно. Тэр мөчид бол жаахан сандармаар байсан. Гар салганаад л. Тэнд маш олон хүн байсан. Ялангуяа гэр бүлийнхээ томчуудын урд гэрлэх санал тавина гэдэг их зориг шаардсан ажил юм билээ. Би гэрлэх санал тавих шийдвэрийг маш удаан бодож гаргасан.
Номун: Би үнэндээ бөгж авмаар л байдаг байсан юм. Яг үнэндээ би авахыг хүссэн зүйлээ Нуркагаас нуудаггүй. “Чи минь надад тийм юм авч өгөх юм уу?” гээд шууд л хэлчихдэг. Санал тавихаас тав хоногийн өмнө миний төрсөн өдөр болсон л доо. Тэгэхэд Нурка надад бэлэг өгсөн ч гэсэн, таван хоногийн дараа дахиад бэлэг өгнө гэж байсан. Гэрлэх санал тавих үйл явдлыг жаахан гадарласан байсан ч үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан. Үнэхээр гоё байсан.
-Киноны маркетинг гэж хэсэг хүмүүс шүүмжилж байсан. Тайлбар хэлэх үү?
Номун: Хүмүүс жаахан шүүмжлээд л байдаг. Та хоёр гэрлэх болоогүй. Зүгээр үерхэх нас ч гэдэг юм уу. Бидний ээж аавын үеийнхэн 16, 17 настайдаа л амьдрал зохиодог байсан шүү дээ. Миний хувьд их сургуулиа төгссөн. Найз залуутайгаа хамт амьдраад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Ингэхдээ ямар ч төлөвлөгөөгүйгээр хүүхэдтэй болоогүй. Энэ хүн миний ирээдүйд хамт байх хүн мөн юм байна гэж бодоод л энэ шийдвэрийг гаргасан. Бид хоёрын асуудлыг хүмүүс яагаад шүүмжилдгийг мэдэхгүй байна.
-Ингэхэд гэрлэх санал маш чухал шийдвэр шүү дээ. Яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ? Та хоёр биенийхээ юунд татагддаг вэ?
Нурка: Ийм болохоор, тийм болохоор гэхээс илүү яг миний хайж байсан хүн байсан. Ийм хүнтэй л хамт байх юм сан гэсэн мэдрэмжийг өгсөн. Тэр мэдрэмжинд 100 хувь нийцсэн тийм л хүн байсан. Анх ажлын шугамаар уулзаад эхний өдрөө л жаахан маазраад хэлсэн юм. “Бид хоёр удахгүй үерхчих байх аа” гээд. Тэгээд л биеллээ олчихсон явж байна даа.
Номун: Тухайн үед би юун жаахан хүүхэдтэй үерхэх гээд л бодсон. Миний хувьд найз залуугаасаа хоёр насаар эгч. Би Нуркаг Нурка болохоор нь л хайртай. Зөвхөн үүнд нь хайртай гэж хэлж чадахгүй. Бид хоёр биенийхээ амьдрал хувь заяанд тохиож болох хамгийн сайн хувилбарууд.
-"Хайр" УСК-нд кинонд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач?
Нурка: Манай найз охин СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн. Манай кинонд дандаа том уран бүтээлчдээр баг бүрдүүлсэн. "Хайр" УСК-нд тоглосон маань мэдээж маш том аз завшаан. Тэр хүмүүс бол миний хувьд үнэлж баршгүй хүмүүс. Бид хоёрыг маш гоё хайрлаж, дэмжиж хамтарч ажилласан. Анх жүжгийнхээ зохиолыг ч бүтэн мэдэж чадаагүй. Зүгээр л гоё хайр харуулах ёстой байсан. Зураг авалтын үеэр хайртай эмэгтэйгээ хуримын даашинзтай байхыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын арга байгаагүй. Яг бөгж солилцдог хэсэг дээр сэтгэл догдлоод бид хоёр жинхнээсээ уйлсан.
Номун: Манай кино багийхан бид хоёрт яг гоё хайж байсан хайр нь байсан гэж хэлсэн. Тийм болохоор бид хоёрыг сонгож оруулсан юм билээ. Ерөөсөө тохиолдол байгаагүй. Маш удаан төлөвлөж, ажиглаж байж сонгосон юм билээ. Бид хоёрын дүр бол яг л хайраар бялхсан, хуримаа хийх гэж байгаа залуу хосын дүр байсан. Бид хоёрт жүжиглэх шаардлага байгаагүй. Байгаагаараа л байхад болохоор байсан даа.