Украины зүүн хэсгийн Краматорск хотын төвд Оросын арми агаарын цохилт өгч, дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархадсан гэж Украины албаныхан мэдэгдлээ. Хэдий тус хот Украины хяналтад байдаг ч Украины Орост эзлэгдсэн хэсгүүдэд ойрхон байрлалтай аж. Ээлжит агаарын цохилтод хотын төвийн ресторан, худалдааны талбай өртсөн байна.
Мөн дэлбэрэлтийн голомтод орон сууцны барилгууд байсан гэж албаныхан мэдэгдэв. Хэргийн дараа олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгүүдэд барилгад ихээхэн хэмжээний хохирол учирч, зарим нь нуранги болж хувирсан нь харагдаж байна. Хүмүүс нурангид дарагдсан байж болзошгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Орон нутгийн цагаар 19:30-ын орчимд болсон халдлагад амиа алдсан хүмүүсийн дунд 17 настай охин байжээ.