Бид энэ удаа Н.Ирмүүн хүүгийнд ирлээ. Түүний хувьд зөөлөн эдийн хорт хавдраар өвчилж, гурван удаагийн том хагалгааг давж гарч чадсан хүчтэй хүү байгаа. Н.Ирмүүн хүү өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлэхээр явж байгаа. Эмчилгээний зардалд 300 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа тул үзэгч та бүхэн есхөн настай балчир хүүгийн эрүүл болох мөрөөдлийг биелүүлж, хандивын гараа сунгаарай.
Мөн энэ сарын 29-нд UB palace-д 19 цагаас “Ирмүүн хүүд амьдал бэлэглэе” тоглолт болно. Тоглолтын тасалбар ердөө 25 мянган төгрөг юм. Тиймээс үзэгч та бүхэн нэг өдрийн хоолны мөнгөө тоглолтын тасалбар авахад зарцуулж хүүгийн хүслийг биелүүлээрэй.
Бид хүүгийн ээж Л.Энхтулгаас, Н.Ирмүүний биеийн байдал ямар байгаа талааp болон бусад зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, “Миний хүү зөөлөн эдийн хорт хавдраар 2021 оны есдүгээр сард оношлогдож байсан. 2022 онд гар тайрах хагалгаанд орж, гурван сард нь дахиж гар тайрах хагалгаанд орсон. Сүүлийн өдрүүдэд шинэ шархан дээр нь дахиад нэг зүйл бондойгоод гараад ирсэн. Яарах л хэрэгтэй болоод байна. Эрүүл саруул төрүүлсэн хүүхдээ хүнд өвчтэй болгож, хоёр ч удаа хагалгаанд оруулж, гарыг нь тайруулаад хүнд өвдөлтийг дахин дахин мэдрүүлж байгаа нь үнэхээр шаналж байна. Хүн хүүхдийнхээ хажууд л тэвчээр гаргадаг юм билээ. Тэвчээд байхад л хүүхэд их анзаардаг. Ээжийнхээ нүд рүү л хараад байдаг юм. Ээж нь уйлчихсан байх юм бол хүүхэд өөрөө өвдөлтөө тэвчээд, уйлж байсан ч уйлахаа больчихдог. Ээжийгээ хараад бас их өрөвддөг юм шиг байгаа юм. Аль болох үр дүнтэй эмчилгээ сайн хийлгээд хавдрыг нь дахиулахгүй барьчих юм сан л гэж бодож байна.
Хандив илгээж байгаа хүмүүстээ маш их баярлаж байна. Гүйлгээний утган дээр бичиж байгаа сэтгэлийн үгнүүд надад маш их эрч хүч хайралж байгаа. “Заавал давж гарна шүү. Битгий бууж өгөөрэй” гэдэг. Хүүгийнхээ төлөө бид хоёр бүхнийг давж гарна. Бууж өгөхийг хүсэхгүй байна” гэлээ.
Харин Н.Ирмүүн хүү ярихдаа, “Миний хүсэж байгаа ганцхан зүйл бол эдгэрэх. Тийм болохоор ах эгч нараа миний хүслийг биелүүлэхэд туслаарай. Би Солонгосоос эргэж ирээд сургуульдаа явмаар байгаа. Удахгүй эдгэрээд ирэх болохоор ангийнхан минь намайг хүлээж байгаарай. Би заавал эдгэрээд ирнэ ээ” гэсэн юм.