УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм.
Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл рүү оруулж байна. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулиар нийгэмд буруу жишиг тогтоох нь буруу. Зарим малчин ч ийм байр суурьтай байгаа.
128 тэрбум төгрөг гарна гэхэд зөрүү нь 44 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мянгат малчин болон түүнээс илүү орлоготой малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчид байдаг. Төрөөс НДШ-ийн 50 хувийг даалаа ч өөрсдөө 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна.
Байгалийн хэцүү нөхцөлд ажилладаг малчдаа харж үзэж байгаа юм бол тариаланчдыг яагаад дэмжихгүй байгаа юм бэ? Улаанбаатар хотын тухайд өрхийн бизнес эрхэлж байгаа, сайн дураараа зах дээр борлуулалт хийж байгаа хүмүүс иргэдээ ялгаварлаж байгаад дургүйцэж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь бүх хүнд хамаатай учир бид маш нухацтай ажиллах ёстой" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Малчидтай холбоотой НДШ-ийн асуудал дээр Х.Булгантуяа сайд, П.Анужин гишүүн буруугүй юм билээ. Энэ бол өмнөх сайд нь оруулж ирсэн асуудал. Гэхдээ энэ заалтаас нь болж хууль унах вий.
Малчны НДШ-ийг яагаад улсын төсвөөс төлөх ёстой юм бэ? Энэ бол Үндсэн хуулийн цэцэд хандах заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалтыг улсын төсвөөс өгнө гэж байхгүй. Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандана" гэв.