Монгол Улсын Еөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.
Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтын албан ёсны нээлтэд оролцож зочид, төлөөлөгчдөд амжилт хүсэв. Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон. Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн зохион байгуулах юм.
Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ,
“Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэндээ энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.
20 дахь удаагийн энэ уулзалтыг хамтран зохион байгуулж буй Олон улсын худалдааны төв болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төр, засаг, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, олон улсын байгууллагын төлөөлөл Та бүхэндээ Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Мөн эрхэм хүндэт зочин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн төлөөлөгч хатагтай Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал хатагтай Памела Көүк Хамилтон, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан захирал ноён Клаудио Визолли болон бусад төлөөлөгчдөд “Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлхийн дахины худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ажлын байрыг бий болгоход бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Одоогоор дэлхий даяар нийт аж ахуйн нэгжийн 90 хувь, нийт ажил олгогчдын талаас илүү хувь нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид эзэлж байна.
Дэлхийн банкны судалгаагаар эрчимтэй хөгжиж буй орнуудын хувьд дунджаар 10 ажлын байр тутмын 7-г нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид бий болгож, тэдгээр улс орнуудын үндэсний нийт орлогын 40 орчим хувийг бүрдүүлж байна.
2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амыг ажлын байраар хангахад нийтдээ 600 сая шинэ ажлын байр бий болгох шаардлагатай гэсэн тооцоо гарч, улс орнуудын бодлогын тэргүүлэх чиглэл нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудал болоод байна.
Харин сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бараа үйлчилгээний нийлүүлэлт, өртгийн сүлжээнд өмнө байгаагүй сорилт бэрхшээл учруулсан.
Нэн ялангуяа далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад дээрх хүндрэл бэрхшээл илүү хүчтэй мэдрэгдэж, илүү их зардал, хохирол амссан.
Хүн төрөлхтөн цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан энэ үед чуулга уулзалт болж байгаа нь түүхэн, онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, энэ хүнд хэцүү ээдрээтэй цаг үед Тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал юм.
Эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой, дархлаатай нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгох, улс орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд залуучууд, эмэгтэйчүүд, гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн байгууллагуудын үүрэг, оролцоо урьд өмнөхөөс илүү чухал болж байна.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Та бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл, боломж нөхцөл, дэлхийн экспортыг төрөлжүүлэх, тухайлбал, ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэж, харилцан ашигтай, хамтын ажиллагаагаа тодорхойлохоор хуран цуглаад байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дэлхийн хүн амын найман хувийг эзэлдэг бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд далайд гарцтай орнуудтай харьцуулахад харьцангуй сул, дэлхийн эдийн засгийн нэг орчим хувийг л бүрдүүлж байна.
Сүүлийн 20 гаруй жилд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлт нь далайд гарцтай орнуудтай харьцуулахад өндөр байсан нь эдгээр улсын хувьд газар зүйн байршил нь суурь бэрхшээл хэдий ч харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлж чадвал бодит үр дүнд хүрч болохыг харуулж байна.
Гэхдээ түүхий эдийн экспортоос хамаарал өндөр, эдийн засгийн байдал эмзэг хэвээр байна.
Мөн Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх гэрээ”-ний хэрэгжилт далайд гарцгүй улс орнуудад хангалтгүй байсаар байна.
Түүнчлэн цар тахал, геополитикийн хурцадмал байдал ч далайд гарцгүй хөгжиж буй орнуудад хүнд цохилт болж, ялангуяа хүнсний хомсдол, эрчим хүчний хямралд оруулж, мөнгөн гуйвуулга татарч, ажиллах хүчний хомсдол нүүрлэж, эцэстээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрсдэл учруулахаар байна.
Тиймээс энэ чуулга уулзалтаар гарц шийдлийг хэлэлцэж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, дуу хоолойгоо нэгтгэн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Гуравдугаар бага хуралд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, дэлхий даяар үүнд онцгой анхаарал хандуулан, хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр байна.
Тиймээс дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэгш боломж олгох шаардлагатай байна.
Монгол Улс уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилт, шороон шуургыг сааруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулахаар идэвхтэй ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд дэмжиж, хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Дээрх үндэсний хөдөлгөөнүүд нь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгаад зогсохгүй бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, улмаар ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бий болгох зэргээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эерэг үр дүн авчирна гэж итгэж байна.