ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үйл явдал барууны хэвлэлийнхний анхаарах гол сэдэв болсон. Цөөнгүй хүмүүс эл явдал нь Путины дэглэм суларсныг харууллаа гэж хэлсний нэг нь Украины ерөнхийлөгч В.Зеленский байв. Тэрбээр энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай ярилцсанаа хэлж, “Олон улсын дэг журам эргэн хэвийн байдалдаа ороход дэлхий нийтээр Путинд дарамт, шахалт үзүүлэх ёстой” гэж жиргэжээ.
Түүнчлэн тэрбээр Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой эдгээр асуудлын хүрээнд холбогдсоноо хэлсэн байна. Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников мөн АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой холбогдсон ба “ОХУ-ын эрх баригчид сул байгаад бид санал нэгдлээ. Яг одоогоор Кремль цэргүүдээ Украины газар нутгаас татаж, өөрсдийнхөө асуудалд анхаарах нь хамгийн зөв сонголт болно” гэжээ.