Вагнерын цэргүүд үймээн дэгдээсний дараа ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд байлдаж байгаа цэргүүдтэйгээ уулзсаныг Оросын төрийн мэдлийн телевизүүд дамжууллаа. Түүний цэргүүдтэйгуу уулзаж байгаа зургийг томоохон хэвлэлүүд нийтэлсэн ба эдгээр зургийг хаана, хэзээ авсан нь тодорхойгүй байгаа юм.
Сергей Шойгу нь В.Путины ойрын зөвлөхүүдийн нэг ба цахим сүлжээнд цацагдсан зургуудад түүний газрын зураг харж, зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаа нь харагджээ. Үүгээр зогсохгүй, ОХУ-ын хуулийн байгууллагууд Пригожиныг шалгаж байгаа тухай мэдээ гарсан. Түүнийг зэвсэгт бослого өдөөсөн хэргээр шалгаж байгаа ба Беларусь руу явах шийдвэр гарсных нь дараа түүнд үүсгэсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь худал байсан байж болзошгүй аж.
Орост болсон үйл явдал барууныхны анхаарлыг ихээр татаад буй. Тухайлбал, Европын Холбооны дипломат албаны дарга Жозеф Боррел “Путин өөрийнхөө бүтээсэн мангаст хазуулчихлаа” гэсэн юм. Орост өрнөж буй үйл явдал зөвхөн аюулгүй байдалд нь эргэлзээ үүсгээд зогсохгүй эдийн засагт нь ч мөн сөргөөр нөлөөлжээ. Тодруулбал, рублийн доллартай харьцах ханш сүүлийн 15 сарын доод түвшиндээ хүрсэн байна.