Бид энэ удаа Minervagoddis брэндийг үүсгэн байгуулагч, зураач дизайнер эмэгтэйг онцолж ярилцлаа. Үрчгэр ватум цаас, өөрт буй хэдхэн будгаараа ирээдүйн мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж байсан түүнийг Г.Анударь гэдэг. Тэрбээр өөрийн брэндийг үүсгээд хоёр жилийн нүүрийг үзсэн байна.Түшээд авах ах дүү, аав ээжээсээ хол өссөн тэр өнөөдрийг хүртэл явахад амаргүй байсан тухайгаа ярьж, үе тэнгийн залуустаа аливаа зүйлийг мөнгөний төлөө л хийж болохгүйг ойлгосон талаар хэлсэн юм.
-Зураач дизайнер болох хүсэл хэзээ, яаж эхлэв ээ?
-Зураг, загварын ерөнхий мэдрэмж, өгөгдөл надад байсан ч гэсэн хүссэн зүйлээр минь хангах хүн байгаагүйг оюутан байхдаа маш их ойлгож байсан. Хүүхдүүд иж бүрэн зургийн хэрэгсэлтэй. Тав тухтай шалгалтаа өгч байхад би нэг үрчгэр ватум цаастай, байгаа будгаа л авчраад эхэлж байсан. Сургууль бүх зүйлийг заадаггүй. Ерөнхий зүйл л заана шүү дээ. Би Налайхаас СУИС руу явдаг байсан л даа. Өглөө 6 цагт сургууль дээрээ байж л байдаг. Хамгийн эрт ирж, хамгийн орой тардаг нь байлаа. Багш заагаагүй ч гэсэн цамц хийгээд үзье, куртик хийгээд үзье гээд л өөрөөсөө л эхэлсэн хэрэг. Мэргэжилдээ оюутан байхаасаа л хэтэрхий дурлачихсан гэсэн үг.
-Төгсөөд нэг их удаагүй өөрийн гэсэн брэндтэй болжээ. Амаргүй байсан байх. Тийм үү?
-Үнэндээ төгссөний дараа маш их шантарсан. Би төгсчхөөд монгол брэндүүдэд ажиллаж үзсэн юм. Тэгэхэд намайг зүгээр л оёдолчин болгох гээд байсан. Энэ нь надад огт таалагдаагүй ээ. Би “би” биш юм шиг санагдаад ерөөсөө тогтовортой байж чадаагүй. Ингээд л их ч зүйл хийж үзсэн. Анх брэндээ үүсгэн байгуулахдаа ганцхан оёдлын машинтай жижигхэн өрөөнд эхэлж байсан. Одоо бол намайг ойлгодог сайн баг хамт олонг бүрдүүлж чадсан байна.
-Шинээр амьдралд хөл тавьж байгаа залуус олон цохилтууд мэдэрдэг шүү дээ. Танд нийгэм, томчуудаас өгсөн хамгийн том цохилт нь юу байсан бэ?
-Чиний наад гаж зүйлсийг хэн авах юм гэдэг үг маш их сонсож байсан. Дээрээс нь нийгмийн хандлага бол ихэнх хүмүүс багтай амьдардаг. Худлаа дүртэй. Үнэндээ тэр хүмүүс тийм биш юм л даа. Хаана л нэг жаахан олны танил болчихсон, худлаа карертай хүмүүс байна, тэнд худлаа дүрээр найзархах гэж очдог. Тийм хүмүүсийн дунд байгаадаа харамсдаг. Би хэзээ ч худлаа дүртэй байхыг хүсдэггүй. Тийм хүмүүсийг шууд хаядаг. Зүгээр л зөв бай. Хүнээс авсан бол буцаад өг. Хүнээс үнэгүй будаа идэх гэж битгий шаард. Хэрвээ үнэгүй зүйл авсан бол эргээд хариуг нь барь. Яг ийм зарчмаар явбал ямар ч хүн үнэлнэ шүү дээ.
-Аав ээжээсээ хол олон жил болжээ. Яагаад хол байгаа юм бэ?
-Миний аав ээж хочр салсан. Мэдээж аав ээжээсээ хоцроод үлдэх есхөн настай охины хувьд амар байгаагүй. Хэцүү байсан. Яг хэрэгцээтэй үеүдэд ээж аав маань байгаагүй шүү дээ. Бүх зүйлд байгаагүй. Гэхдээ би нэг тийм хатуужилтай. Байхгүй ч байгаа юм шиг байж чаддаг. Үнэндээ одоо бол ээжийгээ маш их санаж байгаа. Ямартай ч өнгөрсөн амьдралаа эргээд бодохоор энэ бүхнийг би даваад гарчихсан шүү дээ. Ирээдүйд илүү гоё зам байна гэж боддог.
-Ингэхэд брэндийнхээ онцлогоос яриач?
-Би бүтээсэн ширхэг хувцсаа үнэ цэнтэй байлгахыг хүсдэг. Тэр хувцсаа олон тоогоор гаргаж үнэ цэнийг нь алдагдуулахыг хүсдэггүй. Манайх ямар ч төрөл загварт захирагдахгүй бүтээлээ гаргадаг. Уг нь шинэ урсгал гаргаж ирсэн юм. Эмэгтэйлэг, секси бүх төрөл рүү хувирах боломжтой хүйсгүй загвар гээд. Мэдээж Тун удахгүй брэндээ өөрийнхөө хүссэн түвшинд аваачна гэж бодож байгаа.
-Аливаа зүйл эхлүүлэхийг хүсдэг ч зориг нь арай хүрэхгүй байгаа залууст юу хэлэх вэ?
-Зоригтой бай. Өөрийнхөө хийж байгаа зүйлийг хэзээ ч мөнгө харж, бусдад зориулж битгий хий. Мөнгөний төлөө хийж байгаа бүх зүйл амжилт дагуулахгүй шүү.