Үндэсний их баяр наадмын бөхийн дүрэм, хэрхэн ам авах талаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Бөхийн ам авалтыг шинэ программаар зохицуулахаар болсон. Өнгөрсөн жил ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчин олныг бухимдуулсан асуудал гарсан. Мөн бөхийн ам авалтыг хүн дуудах нь тохиромжгүй хэмээн бөхчүүдээс санал тавьсан.
1. Бөхчүүдийг шинэ программ дээр цолын дарааллаар эрэмбэлнэ. Жишээлбэл Даян аварга Н.Батсуурь программ дээр таван минутын хугацаанд өөрөөсөө доор цолтой бөхчүүдээс сонгож ам авна. Ингэснээр хүнээр дуудуулах, тохироо хийхээс урьдчилан сэргийлэх юм. Ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж болохгүй. Хэрэв тус үйлдлийг гаргавал бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авах заалт орж байна.
Тухайн бөх таван минутын хугацаанд ам авч чадаагүй бол хоёр бөхийн дараа дахин ам авах эрх идэвхэжнэ. Программ дээр бөхчүүдийг цолоор нь ангилалд оруулсан учир цагтаа амжих байх. Буруу бөхөө амласан бол баталгаажуулах товчийг дарахаас өмнө солих боломжтой.
2. Төрийн наадам цаг хугацаатай ёслол төгөлдөр болдог болсон. Бөхчүүд харьяалагдах спорт хороо, өөрийн нутаг усны нэр, цол, нэг ивээн тэтгэгчээ дуудуулна.
3. Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм энэ жил дахиад үйлчилнэ. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн барилдаанд тус дүрэм амжилттай хэрэгжсэн. Зарим аймагт жижиг асуудлууд гарсан. Бөхчүүд жин нэмж барилдаан гаргахгүйгээр барьцад хүрэхийг хүлээхгүй, идэвх санаачилга гаргадаг болсон гэх эерэг өөрчлөлт байгаа. Энэ өөрчлөлтүүд нь Засгийн газрын хуралдаанаар орж эцэслэгдэнэ.
Гэтэл цөөн тооны бөхийн санаачилгаар энэ дүрмийг өөрчлөх ёстой гэсэн саналыг бөхийн холбооноос тавьсан. Хуралдааны протокол, бөхчүүдээр хэрхэн хэлэлцсэн эсэх дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваар ир гэсэн болов ч байгаагүй. Тус зөвлөлд найман хүн байдаг гэсэн. Би зургааг нь мэдсэн. Нөгөө хоёр гишүүнийг нь би мэдэхгүй.
Тухайлбал дүрмийн зөвлөл гэх даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, О.Балжинням, улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, аймгийн арслан Т.Сүрэнжав нар сууж байгаад бусад бөхийн өмнөөс шийдээд байгаа. Найман хүн үзэмжээрээ шийдэж болохгүй.
Төрийн наадам нээлт, хаалттай учир цаг хугацаандаа дуусна. Тиймээс идэвх санаачилгаар барилдааныг үнэлэх дүрмийн заалтыг энэ жилдээ авч чадахгүй гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн. Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо 15 хүнтэй хуралдаж, 12 хүн тус заалтыг өөрчлөхгүй байхыг дэмжсэн. Энэ жил үндсэн барилдаан 40 минут байна. Тус хугацаанд бөхчүүдийн идэвхийг харна.
Хөлийн цэц аль телевизийн цацалтыг харж шийдвэрлэх вэ гэдгийг тохируулж өгсөн. Маргаантай барилдааныг хөлийн цэцийн майханд орж дэлгэцээр харж шийдвэрлэнэ. Шүүлт давхар цэнгэлдэхэд цацагдах учир асуудал гарахгүй.
Бөхчүүд уламжлалт байдлаар гарын даагаас нэр сонсох, программ ашиглах эсвэл хоёуланг хослуулж болно. Тухайн бөхийн өөрийнх нь дурын асуудал.
Төрийн наадам зар сурталчилгааны талбар биш. Зарим бөхчүүд гурван ивээн тэтгэгч байгууллагын нэрийг дуудуулдаг. Төрийн наадмын хэмжээнд зохих хэмжээнд байх ёстой. Заал, танхимын барилдаанд хэдэн ч нэр дуудуулж болно.
Энэ жилийн наадмын бүртгэлийг Монголын бөхийн холбоо тодорхой өдрүүдэд зохион байгуулна. Энэ хугацаанд амжаад бүртгүүлбэл аль ч улсын иргэн барилдах боломжтой. Ямар нэгэн хязгаарлалт байхгүй гэсэн үг" хэмээн ярилаа.