Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023”-ын өнөөдрийн сэдэв Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн асуудалд төвлөрч байна. Чуулга уулзалтад гадны 50 гаруй орны 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Өдгөө 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган нь жижиг дунд бизнесийн төлөөлөл, эмэгтэй, залуу бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудын дуу хоолойг нэгтгэж байгаагаараа онцлогтой болж байна.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт 2023” үндсэн дөрвөн сэдвийг онцолж буй бөгөөд эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих, ногоон худалдааг төрөлжүүлэх хүрээнд органик, дижитал, тогтвортой худалдааг өргөжүүлэх, цахим идэвхжүүлэлт зэрэг сэдвийг гурван өдрийн туршид хэлэлцэх юм.
Далайд гарцгүй орнууд дэлхийн худалдааны дөнгөж нэг хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дэлхийн худалдаанд гарч буй өөрчлөлт, чиг хандлага, ялангуяа өнгөрсөн жилүүдэд тохиосон хямралын дараах худалдааны шинэ чиг хандлага, худалдаа эдийн засаг дахь цахим шилжилт, байгаль орчинд ээлтэй худалдааг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдлын талаар ярилцаж байна.
Чуулга уулзалтад Олон Улсын Худалдааны Төвөөс далайд гарцгүй орнуудын худалдаа, үйлчилгээний шинэ боломжуудыг онцолсон мультимедиа тайланд өөр хоорондоо харилцан уялдаатай, эдийн засгийн өөрчлөлтийг хөтлөгч дөрвөн төрлийн үйлчилгээ байгааг онцлов. Тодруулбал, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ, мэдээлэл харилцаа холбооны технологи, бизнесийн болон мэргэжлийн үйлчилгээ гэсэн энэхүү дөрвөн төрлийн үйлчилгээ нь илүү их бүтээмж, худалдаа, арилжааг нэмэгдүүлж, улмаар ажлын байрыг бий болгодог байна. Эдгээр нь мөн бизнест ээлтэй орчныг бий болгох замаар компаниудын өрсөлдөх чадварыг өсгөдөг хэмээн тайланд дурдлаа. Үүнээс үзвэл уялдаа холбоо харилцан хамаарал бүхий үйлчилгээ нь компаниудыг худалдаагаар дамжуулан дэлхийн эдийн засагт нэвтрэхэд дэмждэг байна. Өндөр чанартай үйлчилгээг үзүүлж буй бизнес эрхэлж буй нийт компаниудын 44 хувь нь бүс нутгуудад экспорт хийдэг бол үйлчилгээгээ уялдуулж чадаагүй орнуудын бизнесүүдийн 19 хувь нь л бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгааг дээрх тайланд тодотголоо.
ОУХТ-ийн Гүйцэтгэх Захирал Памела Коук-Хамилтон хэлэхдээ, “Өөр хоорондоо харилцан уялдаатай үйлчилгээ нь нийгмийг илүү тэгш хүртээмжтэй болгодог. Үйлчилгээнд тулгуурласан энэхүү арга барил нь улс орнуудад эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж, хувирган өөрчлөхөд тусалж байна. Далайд гарцгүй орнуудын хувьд тээвэр, логистик нь ханган нийлүүлэлтийн сүлжээний нэгжүүдийг өөр хооронд нь уялдуулан гол хөшүүрэг болох юм” гэв.
Түүний хэлсэнчлэн далайд гарцгүй орнуудын хувьд үйлчилгээний салбаруудад хөрөнгө оруулах нь асар чухал байдаг аж. Үйлчилгээний салбарын уялдааг сайжруулахад хөрөнгө оруулах нь ханган нийлүүлэлтийн сүлжээнд учирч буй хямралыг сөрөхөд дэмжлэг үзүүлдэг байна. Мөн хурлаар далайд гарцгүй орнууд бараа бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгийг илүү нэмүү өртөг шингэсэн тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шилжих замаар төрөлжүүлэх нь чухал гэдэгт чуулганы төлөөлөгчид санал нэгдсэн.
Улмаар далайд гарцгүй орнуудын худалдаа нь худалдааны тэргүүлэх коридорууд болон олон тооны хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дамждаг учир хилийн шинэчлэл болон дижитал шилжилтийг чухалчилах шаардлагатай хэмээн онцолж байв.
Манай улсын хувьд далайд гарцгүй 44 улсын нэг. Монгол Улс бүрэн хүчин чадлаараа худалдаагаа өргөжүүлэхэд боомтын гарц, хөгжлийг түргэтгэх шаардлагатай байгаа. Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, боомт, тээвэр логистикийн асуудлыг эхэнд нь эрэмбэлэн боомтын сэргэлтийн хүрээнд зөвхөн дэд бүтцийг шийдээд зогсохгүй боомт дагасан хотуудыг хөгжүүлж, орчин үеийн ухаалаг терминалуудыг шийдэх, тээвэр логистикийн салбараа олон улсын түвшинд хүргэж өрсөлдөхүйц болгох бодлогыг хэрэгжүүлж буйг албаныхан тодотгож байв.
Дашрамд дурдахад, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын талаар гарсан санал зөвлөмжийг 2024 онд болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх 10 жилд нэг удаа болдог НҮБ-ын Сайд нарын уулзалтад танилцуулах юм байна.