Жүдо бөхийн “Их дуулга 2023” тэмцээн Улаанбаатар хотын “Мөсөн өргөө”-нд болж, үзэгчдийн уухай, дасгалжуулагчийн зөвлөгөө, багийнхны түрлэг дуунд өндөрлөлөө. Амжилт ч чамлахаар байсангүй. Олимпын оноо олгодог дэлхийн хэмжээний энэ том тэмцээнийг Монгол Улс хоёр дахиа зохион байгууллаа. Манай жүдочид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 2 алт 4 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр нийт 41 орноос 3-р байр эзэлсэн юм.
Үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн Улаанбаатарын "Их Дуулга"-ын сүүлийн өдөр -100 кг-ын жинд алтан медаль хүртэж монгол түмнээ баярлуулав. Энэ нь Монголын жүдочдын нутгийн татамигаас хүртсэн хоёр дахь алтан медаль, түүний анхны түрүү болж байна.
Б.Гончигсүрэн "Стэп Арэна"-д Беларусийн Даниэль Мукете, Японы Котаро Үэока, энэ жилийн Дохагийн дэлхийн аварга ОХУ-ын Арман Адамиан, олимпийн мөнгөн медальт, дэлхийд 3 үзүүрлэж, 3 хүрэлтэй Гүржийн алдарт жүдоч Варлам Липартелиани нарыг тус тус ялж аваргын алтан медалиа зүүжээ.
Харин тэмцээний эхний өдөр хөнгөн таван жингийн барилдаан болж, эрэгтэй 66 кг-ын жинд зодоглосон Ё.Басхүү түрүүлснээр Монголын шигшээ багийнхаа анхны алтан медалийн эзнээр тодорсон билээ. Ё.Басхүүгийн хувьд Казахстаны Гумар Киргизбаяевыг торгуулиар, “А” хэсгийн аваргын төлөө Азербайжаны Яшар Нажаповыг цэвэр ялж, хагас шигшээд Японы тамирчин Тайко Фүжисакаг хансокүмакэ ялж, аваргын алтан медалийн төлөө Тажикстаны Обид Зхебовыг нэмэлт цагт гурван торгуулиар ялсан юм.
Түрүүлснийхээ дараа тэрбээр “Их Дуулга тэмцээнд хоёр удаа оролцлоо. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн бол энэ жил түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг байнга дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн.