УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөх үеэрээ "Англи хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгая гэж тогтож байна. Одоо байгаа сургалтын хөтөлбөрөөр гадаад хэлний хувьд нэг дэх хэл нь Англи хэл байна. Бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно. Нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиасаа тийм хэл сурна гэж бүх зүйлийг хуульчилж болохгүй. Хэддүгээр ангиас нь ямар хэл заах вэ гэдгийг боловсролын байгууллага нь шийдэх ёстой.
Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, сургалтын материаллаг байдал зэргийг харгалзан үзэж, хэддүгээр ангиас нь хэрхэн суралцуулахыг шийдэх нь зөв. Монгол Улсад хэлний чиглэлийн ерөнхий боловсролын найм, есөн сургууль бий болсон байна. Жишээлбэл, Франц, Герман, Солонгос, Япон, Хятад зэрэг хэлний сургуульд 8,000 орчим хүүхэд хамрагдаж байна. Нэг хэлийг онцлоод заахаар эдгээр ажил үндсэндээ зогсоно.
Тиймээс сургалтын хөтөлбөрөөрөө үндсэн хэл, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь англи хэл заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй" гэв.