Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар уг хотхоныг барьж байгаа үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллийг өгөх үеэр "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт дараах шаардлагыг хүргэсэн. Тус заалтад:
Нэгдүгээрт, "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох.
Хоёрдугаарт, II ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны үнийн дүнгийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах.
"Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутагт дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт" гэсэн байр суурийг гүйцэтгэгч компаниуд илэрхийллээ.