"Хөрөг" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын дээд лигийн IHC APES багийн холбон тоглогч Мягмарсүрэнгийн Өлзий-Оршихыг урьж, ярилцлаа. Тэрээр 2014 оноос эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Сагсан бөмбөгийн спорт түүний хувьд ус, агаар мэт чухал аж. Энэ спортоороо тууштай хичээллэж, амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь хорт зуршлаас хол байсан явдал хэмээн итгэл дүүрэн ярьж байлаа.
Тэрээр “Би Багануур дүүргийн спорт хорооны Үүрцайх багшийн удирдлагад анх спортоор хичээллэж эхэлсэн. Багадаа хөл бөмбөг их тоглодог байсан. Хөл бөмбөг тоглож байгаад хүмүүс том болох тусмаа спортоо солиод, сагс тоглодог ч юм уу тиймэрхүү байдлаар сагс тоглож эхэлсэн.
Одоогоор миний амьдралаас авч болох хамгийн жаргалтай зүйл сагсан бөмбөг тоглоод мэдэрч байгаа мэдрэмж. Хүнд ус, агаар мэт хэрэгтэй зүйл байдаг. Өдөр бүр хоол иддэг шиг надад сагс хэрэгтэй. Залуу насандаа өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрэхийн тулд энэ спортын төлөө өөрийнхөө бүх цаг, заваа зарцуулж байна. Спортоо болиод ирэхэд сурсан мэдсэн зүйл чинь хүнээс явахгүй учир сурсан мэргэжлээрээ ажиллах боломжтой. Тиймээс залуу насандаа спортоороо амжилт гаргахыг хүсэж байна. Гадуур болж буй нийгмийн стресс, бүтэхгүй зүйлс олон тохиолддог. Тэр үеүдэд сагс тоглоход бүх зүйлийг мартдаг. Сагс тоглож байх үедээ тоглолтынхоо мөч бүрээс кайф авдаг. Бөмбөг оруулах, хүнийг хуурах зэргээс кайф авч улам гоё болдог” гэж сагсан бөмбөгийн спортдоо хайртай талаар ярилаа.
Тэр 2018 онд Төмөр замын дээд сургуульд элсэж, 2022 онд зүтгүүрийн инженер мэргэжлээр төгссөн. Төмөр замын мэргэжил бол түүний аав, ээж хоёрын мэргэжил тул өвлөж авсан гэв. Аав, ээж нь түүний мэргэжил сонгоход хамгийн их нөлөөлсөн төдийгүй спортоор хичээллэхэд нь хамгийн их дэмждэг аж. “Миний ард байдаг хамгийн том хүч аав, ээж хоёртоо маш их баярладаг” хэмээн ярьсан юм.
М.Өлзий-Орших "Спорт хүнд тэсвэр, тэвчээр, хатуужил өгдөг. Багийн спорт хүнтэй харилцах, бусдад өөрийгөө ойлгуулах, тухайн хүнээ ойлгох зэргийг заадаг. Нийгмийн харилцаанд ч, ажил дээр ч хэрэгтэй. Багаар ажиллах чадвар сайжруулдаг. Бусадтай ойлголцох чадвар сайжруулдаг.
Спортын хүнд юу ч тохиолдсон сэтгэлзүйгээ нэг хэвийн байлгах ёстой. Баярласан ч, сэтгэл гутралд орсон ч нэг хэвийн байх хэрэгтэй. Хожлоо, аварга боллоо гээд өөрийгөө хэт дээш дөвийлгөх хэрэггүй. Бусдыг ойлгох, хүндлэх зэрэг харилцааны чадваруудаа сайжруулах хэрэгтэй, ялангуяа багийн спортод. Харилцааны талд жаахан дутагдалтай хүн багт жийгдмэл байдаг. Бусадтай аль болох ойлголцоод, өөрийнхөө бодлыг хэт тулгахгүй, хүний бодлыг сонсож, харилцан ойлголцох хэрэгтэй. Миний хувьд талбай дээр, тоглолтын явцад багийнхантайгаа муудалцах үе гарна. Яг тэр үед тоглолтдоо хэт анхаараад, маш туйлширсан байдаг. Тиймээс бусдадаа ойлгуулахдаа буруу ойлгуулах, үг хэлэхдээ өндөр өнгөөр хэлэх зэргээс бусадтайгаа маргалдах зүйл байдаг. Тиймэрхүү зүйл болбол тоглолтын дараа хоорондоо эвлэрдэг. Тэгж байж бусадтайгаа ойлголцдог" гэв.
Миний хувьд өнөөдрийн энэ зэрэгтэй сагсан бөмбөг тоглоод, энэ хүртэл ирэхэд хамгийн чухал зүйл бол хорт зуршлуудаас хол байсан гэж боддог. Багаасаа тамхи татдаггүй. Согтууруулах ундаанаас хол байсан. Хүүхдүүд өсвөр насандаа тамхи их сонирхдог. Тиймэрхүү зүйлээс хол байж энэ амжилтад хүрсэн гэж боддог. Өөрийнхөө зорьсон зүйлдээ хүрээд, амжилттай байвал баярладаг. Тэр үеүддээ зөв, зохистой хэрэглэж байж тамирчин хүн өөрийн бие бялдраа авч явж чаддаг. Би буруу хүмүүсийг дагаад, буруу замаар явах вий гэхээс их айдаг. Аль болох зөв байж, хэнтэй найзалж, нөхөрлөхөө сайн мэддэг байх хэрэгтэй. Хүн амжилтад хүрэхийн хэрээр маш олон найз, нөхөд гарч ирдэг. Тэрийг л сайн ялгаж, салгах хэрэгтэй гэж боддог.
Хойч үеийн спорт сонирхож буй залуучууддаа М.Өлзий-Орших гэдэг тамирчин тийм хүн байсан юм шүү гээд сайнаар дурсагдахыг хичээдэг. Хичээл зүтгэл, бэлтгэлээ тэгж хийдэг байсан, тэмцээндээ тэгдэг байсан гээд л аль болох зөв үлгэр дуурайлал аваасай гэж хүсдэг.
"Залуучууд, дүү нартаа хандаж хэлэхэд сагсан бөмбөг гэлтгүй спортыг хэдэн ч наснаас эхэлж тоглож болдог. Аль болох хичээл зүтгэлтэй байж, дундаас нь шантрахгүй, өөртөө хэрэгтэй гэдэг үүднээс хүний хүчээр хийх биш өөрийнхөө хүсэл тэмүүллээр спортод хандахыг хүсэж байна. Амжилт хичээсэн хүнд ирдэг" гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.