Тайландад сургуулийн хотхонд явагдаж байсан гал унтраах сургуулилтын үеэр гал унтраагуур дэлбэрсний улмаас нэг сурагч нас баржээ. Бангкок дахь Ражавинит Матайом сургуулийн өөр 21 хүн уг хэргийн улмаас мөн шархадсан гэж хотын захирагч мэдэгдэв. Дээрх хүмүүсээс долоог нь эмнэлэгт хүргэсэн байна. Тодруулбал, дэлбэрэлтийн улмаас гал унтраагуурын эх бие 10 метрийн зайд байсан хохирогч руу шидэгдсэн байна. Аврагчид нар болон хэт халууны улмаас галын унтраагуур халж дэлбэрсэн байх гэж мэдэгдсэн байна.
Амиа алдсан оюутан төгсөх курс байсан бөгөөд насыг албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм.Цагдаа нар ослын шалтгааныг судалж, дэлбэрэлт болсон хэсгийг хамгаалалт аван шалгаж байгаа гэнэ.
Тус сургуулилтад ашигласан гал унтраагчийг бүгдийг нь цагдаагийн газрын шүүх шинжилгээний хэлтэст шилжүүлсэн гэж албаныхан мэдэгдсэн.Дэлбэрсэн гал унтраагуур нүүрстөрөгчийн давхар исэл агуулж байсан гэж ослын газар ажиллаж буй Руамкатанью сан аврах байгууллага мөн анхааруулсан.Гал унтраагуурыг хоосон байхад нь ихэвчлэн химийн бодисоор дүүргэдэг тул тус гал унтраагуурын "аюулгүйн хавхлага хэрхэн хийгдсэн эсэх, мөн хэрхэн, хаана дүүргэсэн эсэхийг шалгах ёстой" гэж хотын цагдаагийн дарга хэлжээ.
Тус сургууль нь Дусит дүүрэгт, төрийн олон байгууллагын дэргэд байрладаг байна. Нөхцөл байдлыг тодруулахаар Боловсролын яамны ажилтнуудыг мөн сургууль руу илгээсэн гэж Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Аттафон Сангкхаваси мэдэгдэв.
Тэрээр нас барсан оюутны төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, яамнаас тусламж үзүүлж, хохирсон хүмүүст нөхөн олговор олгох болно гэж мэдээлэв.