
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Орост үүссэн нөхцөл байдлын талаар ярилаа. Тэрбээр “Вагнерын хөлсний цэргүүдийн бослого нь Путины эрх мэдлийн "жинхэнэ хагарлыг" илчилж байна” гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Вагнер бүлэглэл болон түүний удирдагч Евгений Пригожин өнгөрсөн амралтын өдрүүдэд бослого гаргасан нь "Путины эрх мэдлийг шууд сорилтод оруулж байна" гэж Блинкен дүгнэжээ. Түүнчлэн Оросын улс төр судлаач, Ерөнхийлөгч Путины зөвлөх асан Сергей Марков ВВС радиод ярилцлага өгөхдөө “Уг үйл явдал Оросын засгийн газарт ямар нэгэн хямрал үүссэний шинж тэмдэг" гэж хэлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн "Владимир Путин бодлогоо өөрчилж, Оросын нийгэм, Оросын армийн нэг хэсгийн шаардлагын дагуу Украинд явуулах бодлогоо чангатгаж, дайнд ялалт байгуулах хэрэгтэй болно” гэжээ.
Үүгээр зогсохгүй, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон үйл явдал Путин болон Оросын хувьд "аймшигтай нөхцөл байдал" үүсгэсэн бөгөөд "иргэний дайн" үүсгэж болзошгүй байсан аж.