Баасан гарагт ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Украины дайнд буруутгаж, алдар хүндийн төлөө ийм зүйл хийсэн гэж буруутгасан. Үүний дараахан Кремль түүний цэргүүдийг пуужингаар онилсон хэмээгэд “шударга байдлын төлөө жагсаана” гэсэн юм. Пригожиныг зэвсэгт бослого өдөөлөө гэж Москвад аюулгүй байдлын хамгаалалт чангарсан.
Бямба гарагийн өглөө Пригожин тэргүүтэй түүний 25 мянган цэрэг Оросын хилээр нэвтэрч, Донын Ростов дахь Оросын армийн төв байранд очиж, хэд хэдэн цэргийн баазуудыг хяналтдаа авснаа мэдэгдсэн. Москва хотын дарга терроризмын эсрэг арга хэмжээ нэн яаралтай авч эхэлснээ зарлаж, Украины хилийн ойролцоох бүсийн ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Ням гарагийн 13 цагийн үед Пригожин Оросын өмнөд хэсгийн цэргийн төв байранд нэвтэрсэн байгаа бичлэгээ цацаж, Сергей Шойгу тэргүүтэй Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудыг ирж уулзахыг шаардсан байна.
Харин үүнээс хоёр цагийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин телевизээр дамжуулан ард иргэддээ хандсан үгэндээ гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлүүдийг буруушааж, Оросоос “урвасан” хэн бүхэнд тохирох ял шийтгэлийг нь хатуу ногдуулахаа мэдэгдсэн. Бүхэл өдрийн турш Вагнер бүлэглэлийнхэн Москва руу давшсан ба энэ үеэрээ Воронеж дэх цэргийн байгууламжуудыг эзэлснээ зарлаж явсан юм. Энэ бүхнийг дагаад Оросын ард иргэд ч мөн хоёр талд хуваагдаж байсныг цахим сүлжээнд тархсан бичлэг, нийтлэлүүд харуулж байв. Ням гарагийн үдээс хойш 18:30 минутын үед Пригожин телеграм хаягаараа дамжуулан цэргүүдээ зогсож байгаагаа хэлсэн.
Тодруулбал, түүнийг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотай ярилцаж байсан ба Путин үүнийг зөвшөөрсөн гэдгийг Беларусийн тал мэдэгдсэн. Ийн оройн 21 цагийн үед Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Пригожиныг Беларусь руу явах болсныг мэдээлж, түүнд болон түүний цэргүүдэд үүсгээд байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн юм.
Эх сурвалж: BBC
ВАГНЕР БҮЛЭГЛЭЛИЙН ТУХАЙ…
Өчигдөр Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин ОХУ-ын удирдлагуудын эсрэг жагсаалаа зогсоолоо гэж мэдэгдсэний дараа түүний цэргүүд эргээд баазууд руугаа буцахаар болсон. Олон улсын анхаарлыг өөртөө татаад буй Вагнер бүлэглэлийн тухай товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе.
Вагнер бүлэглэл нь өөрсдийгөө “хувийн батлан хамгаалах байгууллага” гэж тодорхойлдог. Анх 2014 онд зүүн Украин дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг дэмжиж гарч ирсэн. Тэр цагаас хойш “нэлээд томорч”, Украин дахь Оросын довтолгоонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм. 2022 онд Орост энгийн армиас дайнд явах хүн олоход бэрхшээлтэй байсан тул Вагнер бүлэг олон тооны цэрэг элсүүлж эхэлсэн гэж Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байдаг.
Тухайлбал, Украин дахь Вагнерын цэргүүдийн 80 орчим хувь нь шоронгоос татагдсан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ оны эхэнд мэдэгдэж байсан удаатай. Вагнерын цэргүүд Бахмут хотыг Украины цэргүүдээс булаан авахын тулд 11 сарын турш үргэлжилсэн томоохон тулалдаанд голлох үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр ОХУ-д хөлсний цэргүүд хууль бус байдаг ч Вагнер бүлэглэл 2022 онд компани хэлбэрээр бүртгүүлж, Санкт-Петербургт шинэ төв байраа нээсэн байдаг.
ЕВГЕНИЙ ПРИГОЖИН ГЭЖ ХЭН БЭ?
“Путины тогооч” нэрээр олонд танигдсан Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин өмнө нь Кремльд гэрээтэйгээр “катринг” үйлчилгээ үзүүлдэг компанитай нэгэн байж. В.Путин тэр хоёрын харилцаа хэр нөхөрсөг эсэх нь тодорхойгүй байдаг ч олон жилийн турш бие биенийгээ мэддэг, мөн аль аль нь Санкт-Петербургт төрж өсжээ. 1980-аад онд удаан хугацаагаар ял эдэслнийхээ дараа Пригожин төрөлх хотдоо хотдог зарж, бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Удалгүй тэрээр супермаркетуудын сүлжээнд хувь эзэмшиж эхэлсэн бөгөөд өөрийн ресторан, катерингийн компаниа нээжээ.Түүний ресторан нь тансаг хоолоороо нэр хүндтэй болж, В.Путин тэргүүтэй нэр хүндтэй хүмүүст үйлчилж эхэлсэн түүхтэй.
Улмаар Пригожины компани засгийн газарт хоол ханган нийлүүлэхээр болж, түүний бизнесийн үйл ажиллагаа “өөр түвшинд” өргөжжээ. Пригожин өнгөрсөн есдүгээр сард 2014 онд буюу Орос Крымийг Украинаас өөртөө нэгтгэсэн жил хувийн цэргийн бүлэглэл байгуулснаа анх хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь тэрбээр энэ талаарх мэдээллийг няцааж, сэтгүүлчдийг сурвалжилсных нь төлөө шүүхэд өгч байсан юм. Вагнер бүлэглэл нь Ливи, Сири, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали зэрэг бусад оронд тулалдаж байсан.
Эх сурвалж: REUTERS