Бид энэ удаа хориод жил сувилагчаар ажилласан С.Туул гэх эмэгтэйтэй ярилцлаа. Түүний хувьд илүүдэл жинтэйн дээр зүрхний өвчтэй. Үүнээс шалтгаан олон нийт хүмүүс, үг үйлдэл хандлагаараа хэрхэн гадуурхдаг тухай ярьсан юм. Мөн тэрээр бусдыг гаднах үзэмжээр нь ялгаварлаж харьцдаг хүмүүсийг хараад эмзэглэдэг тухай хэлсэн юм.
Тэрбээр ярихдаа, “Ер нь хүүхэд байхын л махлаг, ангиасаа хамгийн бондгор нь байсан. Нутагтаа гуравдугаар анги хүртлээ л сурсан. Хагалгаанд орсныхоо дараа нэг анги улирч байлаа. Тэр үед надад их хэцүү байсан. Хүүхэд болгон л “улиранхай, зүрхний өвчтэй” гээд л шоолдог. Хүн хэлэхгүй ч гэсэн хандлагаараа л анзаарагддаг л даа. Энэ тэнд явахад чулуу шидэх ч тохиолдол бий. Тэр болгонд зүрх өвддөг, эмзэглэдэг байсан юм. “Хэзээ нэгэн цагт би огт өөр хүн болно доо” гэсэн бодол намайг их хурцалж өгч байсан юм болов уу гэж боддог. Яг л биеийн хэлэмжээрээ ч юм уу, надад дургүйлхсэн хүнд бол би юм ярьдаггүй. Яах вэ тухайн хүнд өөрт тохируулаад л харьцдаг. Сувилагч хүн хүнийг үйл хөдлөл, нүдээр нь ямар хэлэмж илэрхийлж байгааг мэддэг болчихдог юм л даа.
Ер нь хүмүүс тэр хүний амьдралаар явж үзээгүй, дотоод сэтгэлийг нь мэдрээгүй байж өнгөцхөн хараад янз бүрээр хэлэх хамгийн утгагүй зүйл гэж боддог. Яг хэлмээр байгаа бол маш гоёор тайлбарлаж болно шүү дээ.
Сая наймдугаар сард миний зүрх өвдөөд Цэргийн эмнэлгийн зүрхний тасагт хэвтэхээр очсон. Тэгэхэд зүрхний бичлэг хийж байгаа сувилагч намайг, “Чи одоо болиоч, үхсэнээ хийж ирж байгаа юм. Яв яв” гээд л. Тэгэхээр нь “яасан та” гэсэн чинь, “Яадаг юм чи. Эмнэлгийн хүн байж наад биеэ хар. Ингэтлээ таргалчхаад, үхсэнээ хийж наашаа ирдэг юм. Яв. Гэртээ очиж үхэхгүй юу” гээд л. Тэгэхэд би маш сонин болсон. Үхэхгүй юу гэдэг үг надад маш эмзэг туссан. Тухайн үедээ их сонин болсон. Тэгэхэд чимээгүй л зүрхний бичлэгээ хийлгээд гарсан юм. Хүн чинь тэгээд тарган байхаар гэрээс гаръя, хүмүүстэй харьцъя гэдэг бодолгүй л болчихдог юм билээ. Улам бүгээд л байгаад байдаг. Гэхдээ тарган байлаа гээд би нэг их сэтгэлээр унадаггүй. Энэ маань хэвшмэл хөдөлгөөн болчихсон. Би ажлаа хийхдээ, хэнээс ч илүү хөдөлгөөнтэй, хэний ч хийгээгүйг хийдэг учраас өөртөө бол маш бардам байдаг.
Хүний гадаад үзэмж биш, дотоод сэтгэлийг нь хараад, хүнтэй хүн шиг харьцаад яваасай гэж хүсдэг дээ.
Хүмүүсийн хандлага их сонин. Эмчтэй нэг өөр харьцдаг. Сувилагчтай бас өөр харьцдаг. Хүний өмссөн зүүснийг харж нэг харьцдаг. Тэгэхээр хүний өмссөн зүүсэн гадаад төрхөөс илүү хүн гэдэг утгаар харьцвал болохгүй зүйл байхгүй.
Одоо төгсөж, ажиллаж байгаа эмч, сувилагчид маань арай нэг хайнга, бардам байна. Зүгээр нэг сувилагч, эмч мэргэжил эзэмшчихлээ гээд болчихгүй. Хүнийхээ сэтгэл зүрхтэй тулж ажиллаж байж л тэр хүн маань эмчилгээ ч авна, үр дүн сайн байдаг юм. Яг л өвчтөнтэйгөө хамгийн ойр хүн бол сувилагч. Тэр дундаа сэхээний сувилагч хийж байхад маш хүнд хэцүү хүмүүстэй таардаг. Дагаад уйлна. Дагаад харамсах зүйл их гардаг. Харамсахаасаа аврах нь олон байсан даа. Тэр хүмүүс маань эдгэрээд, баярлалаа гэдэг үг хэлээд гарах хамгийн гоё” хэмээн ярилаа.