Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр цахим хэрэглэгчдийг хуурамч мэдээллийг ялгаж, таньдаг болгох, түүнийг баримтаар шалгаж сургахад чиглэсэн “Нягталъя” аныг өрнүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд олон нийтийг хамарсан биет үйл ажиллагаа төлөвлөж, маргааш буюу зургаадугаар сарын 24-ний бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн үеэр “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ” сэдэвт сургалтыг хоёр удаа үнэ төлбөргүй явуулах ба мэдээллийг нягтлан шалгах аргыг зааж, технологийн аргаар бодит байдлыг шалгах нээлттэй хэрэглүүрүүдийг баримт шалгагч нар тайлбарлан хүргэх юм. 16:00 цагаас эхлэх тус арга хэмжээнд сонирхон оролцсон хүн бүрд хуурамч мэдээллийн шинж чанар, түгээх шалтгаан болон Монголын мэдээллийн экосистемийг ойлгож, цахим орчны зохисгүй мэдээллээс сэтгэл зүйгээ хамгаалах, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирохоос сэргийлэх зэрэг мэдлэг, мэдээллийг өгөх юм. Өдөрлөгийн үеэр “Хуурамч мэдээллийг бууруулахад миний оролцоо” сэдэвт сошиал постын уралдаан зарлаж, орой нь ялагчаа тодруулан мөнгөн шагнал өгөхөөр төлөвлөсөн нь сонирхолтой аж.
Мөн 19:00 цагаас Стэнд-ап комеди арга хэмжээ болох ба хуурамч, ташаа мэдээллийн хор нөлөөг хөнгөн инээд, хөгжилтэй явдлын түүхээр дамжуулан егөөдөл, ёжлолоор хүргэх юм. Энд Big Sistas Comedy Crew-ийн комедиан Кенна, Номи, Томоко нар оролцох ба урилгаар комедиан Ганга ирэх юм.
Аяны явц, зр нөлөөний талаар Монголын баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг ярихдаа, “Нягталъя аяны хүрээнд хоёр сар гаруйн хугацаанд олон нийтэд мэдлэг ойлголт өгөх зорилготой контентууд бэлтгэж, түгээж, мөн онлайн болон танхимын сургалт хийлээ. Энэ оны эхэн үед гэхэд “мөнгөө шилжүүлээд блоклуулчихлаа”, “хаягаа алдчихаа” гэх мэтээр цахим залилангийн хохирогч болсон хүмүүс өдөрт 4-5 удаа манай төвд ханддаг байсан. Гэвч бидний чиг үүрэг гэмт этгээдийг олох биш, харин хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн таньж мэдэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл өгөх тал руу чиглэдэг учраас тэдгээр хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгч ирсэн. Энэ эрсдэлээс хамгаалах мэдээллийг “Нягталъя” аяны хүрээнд хүргэснээс гадна баримт шалгалтын тайландаа хуурамч мэдээллийг хэрхэн таних болон дагаж хийгээд бодит байдлыг мэдэх арга зэргийг байнга хуваалцдаг. Одоо бол дээрх шиг хүсэлт сард 1-2 л ирэх байдлаар буурсан төдийгүй залилангийн шинж чанартай мэдээллийг хэрэглэгчдийн дийлэнх нь таньдаг болж, бусдадаа луйвар шүү гэж анхааруулдаг байдал ажиглагдаж байна. Ингэж олон нийтийн мэдлэг, ойлголт сайжирвал хуурамч мэдээлэл түгээгч этгээд хэдэн зуун хаяг нээж, хичнээн янзаар оруулаад ч зорилго нь хангагдахгүй байх боломжтой” гэдгийг онцолсон юм.
Хуурамч мэдээллийн таних арга болон баримтаар шалгасан бодит, зөв мэдээллийг хүргэх ажил “Нягталъя” аянаар дуусахгүй, цаашид олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулсаар байх юм.