Улсын Их Хурлын ээлжит чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Төслийг хэлэлцэхээр дэмжсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн тэргүүн зорилт нь авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэх явдал болохыг онцлов. Тэрбээр 2021 онд зохион байгуулсан Авлигатай тэмцэх үндэсний чуулганд хэлсэн үгэндээ, авлига бол улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулж, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа хорт үзэгдэл учир үүнтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байгааг хэлж байсан юм. Тухайн үед тэрбээр, авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлж байна хэмээн онцолж байлаа.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тэрбээр энэ тухай сануулаад, манай улсад төрийн авлигын түвшин олигтой буурахгүй байгаа учраас авлигын индексийн зүйл, заалт, шалгуур үзүүлэлт бүрээр тодорхой зорилго, зорилтыг тоон болон чанарын утгаар нь дэвшүүлэн тавьж, авлигатай тэмцэх тэмцлийг бүх шатанд өрнүүлэн, төрийг авлигаас бүрэн ангижруулах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчныг бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох хэрэгтэйг хэлэв. Аливаа зүйлийг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь хэтрүүлж нугалах хэрэгтэй байдгийн адил авлигын нөхцөл хэт их болчихсон энэ цаг үед нийгмийн итгэл үнэмшил, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн тулд авлигачидтай хийх тэмцлээ илүү их, хэтрүүлэн “нугалж” байж үр дүнд хүрнэ” гэлээ.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийг 2021 онд баталснаас хойш Хөгжлийн банк, “нүүрсний хулгай” гэх мэт олон асуудлаар шүгэл үлээж, иргэд олон нийтийн анхаарлын төвд оруулж, тэргүүлэн манлайлж, санаачилгатай ажиллаж байгаа Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийг онцлон дурдаж, талархал илэрхийлээд, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүдийн саналыг тусган, эцэслэн боловсруулж ирэх долоо хоногт чанартай батлах тооцоотойгоор ажиллахыг тус Байнгын хорооны Ажлын хэсэгт чиглэл болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.