Өчигдөр НИТХ-аар нийслэлд тулгамдаад байгаа 26 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал Нийслэлийн харьяа байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулж, Нийслэл үнэт цаас гаргах асуудлыг ярьсан юм. Эдгээр асуудлуудад ХҮН намын бүлэг ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.ГАНЗОРИГ: Маш олон асуудлыг нэг дор оруулж ирж, нухацтай хэлэлцэхгүйгээр нэг өдрийн дотор хөнгөн баталдаг асуудлаа боль гэдэг шаардлагыг сүүлийн хэд хэдэн хурал дээр тавьж байгаа. Аудитын тайлан танилцуулж байхад Нийслэлийн харъяа байгууллагуудад хийсэн нэгдсэн дүгнэлт дээр 554 тэрбум төгрөгийн алдаа гарсан гэж байгаа юм. Үүнийг нь залруулсан гэж хэлж байна. 45 тэрбум төгрөгийн зөрчил гарсан. Энэ бол төрийн бүх шатны байгууллагуудад хэвийн үзэгдэл юм шиг болчхож. Ийм зүйл огт байж болохгүй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг нь л болоод байна.
ХҮН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНТУЛГА: Нийслэл уул уурхайн компанитай болох нь ээ. Энэ компанийн өмнөөс Д.Сумъяабазар дарга хөрөнгө оруулалт татахаар уулзалт хийгээд явах нь байна. Нэг тэрбум доллар буюу, 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байгаа. Олсон ашгаараа нийслэлд тулгараад байгаа түгжрэл гэх мэт асуудлыг шийднэ гэж байгаа юм. Энэ асуудалд НИТХ дахь ХҮН намын бүлэг эсэргүүцсэн байр суурьтай байна.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР: Уурхайн асуудал дээр нэмж хэлэхэд ашиглалтын лиценз болгоогүй хайгуулын талбай дээр нэг тэрбум доллар босгоно оо гэдэг бүтэхгүй. Үүнийгээ Хятадаас босгох юм байна. Ерөнхий сайдыг айлчлах үеэр гэсэн үг. Энэ асуудлыг өнөөдөр оруулж хэлэлцээ хийх эрх олго гэсэн зүйл ярьж байна л даа. Энэ нь хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт их ойлгомжгүй байна. 14 мянган га газарт бүрэн хайгуул хийхэд 10 гаруй жил шаардлагатай. Үүнийгээ ч хийгээгүй шүү дээ. Энэ бол их эрсдэлтэй гэж харж байгаа учраас ХҮН намын бүлэг дэмжихгүй.
Мөн Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд үнэт цаас гаргаж байна. Энэ бол нийслэлийн эрх зүйн тухай хуулиараа үндэслэгдсэн зүйл. Төсвөөс гадуур зах зээлээс мөнгө татаж түгжрэлийн асуудлыг шийдэх, иргэдийн өмнө тулгарсан асуудлыг шийдэхэд олон нийтийн шинжтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Үүнийг ярьж байгаа нь зөв. Гэхдээ нөгөө талд бидний сануулаад байгаа нь үүнийг ач холбогдлоор нь жагсаачхаач ээ. Яг юу хийх гээд байгаа юм. Мэлийсэн л юм байна. Хүнээр ярих юм бол нүдний шил нь таараагүй хүн юм бүрсийлгэж хараад байдаг шиг бодлого явж байна. Ингэж болохгүй. Үр дүн гарахгүй. Ийш тийш нь цацах магадлалтай. Нөлөө бүхий дарга нар өөрийн тойрог руу татах үзэгдэл гарах учраас үүнийгээ ач холбогдлоор нь жагсаачих аа л гэж байгаа юм.