Булган аймгийн Засаг даргын нэрэмжит “Шинэ хөгжлийг гэрэлтүүлэгч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр тус аймгийн 20 оюутан суралцах гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна. Ингэхдээ Булган аймгийн ЗДТГ-аас тус 20 хүүхдэд дөрвөн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох аж. Оюутнууд сурч ирээд сум, орон нутагтаа таван жил ажиллах гэрээ байгууллаа.
Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэлэхдээ “Булган аймаг аймгийнхаа хөгжлийн эдийн засгийг цаашид авч явах хүний нөөцийн бодлогыг баримталж байна. Энэхүү хүний нөөцийн бодлогын хүрээнд Зүүн өмнөд Ази, тэр дундаа Солонгос, Япон улсуудад сурагчдаа үе шаттайгаар сурган, дадлагажигч ажилтан бэлтгэн ажиллаж байна. Энэ жил анх удаа БНСУ-д 20 хүүхэд сургах гэж байна. Бүх сумдаасаа нэг нэг хүүхэд сонгон шалгаруулж, IT, анагаах, аялал жуулчлал, хууль, эрчим хүчний инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр хүүхэд, залуучуудаа сургах боломжийг гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд нээлээ.
Оюутнуудын хэлний бэлтгэлтэй нийлээд дөрвөн жил хагасын бүтэн тэтгэлгийг Аймгийн ЗДТГ-аас даана. Тухайн хүүхэд маань их сургуулиа төгсөж ирээд, сум, орон нутагтаа таван жил ажиллана. Энэ нөхцөлийг зөвшөөрч байвал дөрвөлсөн гэрээ байгуулж, аймгаас дэмжин ажиллана” гэв.
БНСУ-ын Шинхан их сургуульд суралцах тэтгэлэг авсан Булган аймгийн Сэргэлэн сумын сурагч Б.Дөлгөөн
“Тэтгэлэг авсандаа маш их баяртай байна. Би БНСУ-д аялал жуулчлалын чиглэлээр сурахаар төлөвлөж байна. Сум, орон нутгаа хөгжилд илүү ойртуулахын тулд аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагтаа нэмэр болно” гэсэн юм.
Сурагч Б.Дөлгөөний ээж “Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь энгийн ард иргэд, төрийн албан хаагчдад том боломж болж байна. Бид шууд гадаадын их сургуульд сургалтын төлбөрийг бүрэн төлөөд сургах боломж хомс байдаг. Энэхүү тэтгэлэг маш үр өгөөжтэй, том боломж байна гэж харж байна.
Охин маань анхнаасаа олон улсын харилцаа, аялал жуулчлалын салбарыг сонирхож байсан. Сая ЭЕШ-аар түүхийн хичээлээр аймагтаа нэгдүгээрт жагссан. Түүх, англи хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалж байсан. Өөрийнх нь сонирхож байсан аялал жуулчлалын чиглэлээр сурах боломж гарлаа. Хөгжлийн замыг гэрэлтүүлэгч гүүр нь болсон залуучуудыг бэлтгэх зорилгоор энэ хөтөлбөрийг зарласан аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон сум орон нутгийн удирдлагууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” гэв.
БНСУ-ын Шинхан их сургуульд суралцах тэтгэлэг авсан Булган аймгийн Рашаант сумын сурагч Ц.Наранцэцэг “БНСУ-ын Шинхан их сургуульд суралцах эрхээ авсанд маш их баярлаж байна. Солонгос улсад аялал жуулчлалын менежментээр сурна. Сураад, Рашаант сумандаа ирээд аялал жуулчлалын чиглэлээр сумынхаа хөгжилд оролцож, сайн ажиллана аа” гэв.
Сурагч Ц.Наранцэцэгийн ээж “Охин маань сум, орон нутгаасаа сонгогдож, БНСУ- суралцахаар болсонд маш их баяртай байна. Их том боломж. Сум, орон нутгийнхаа удирдлагуудад болон сургуулийн захиргаанд баярлаж байгаагаа илэрхийлье. Нийт сонгогдож байгаа хүүхдүүд маань орон нутаг цаашлаад Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж, дор бүрнээ хариуцлагатай байгаарай гэж хэлмээр байна. Охин маань хүссэн мэргэжлээ эзэмшиж ирээд сайн ажиллах болно оо. Аав ээж хоёр нь ч бас амлаж байна” гэсэн юм.
Тэтгэлэг авсан сурагчид долоодугаар сарын 1-ээс вакуумжуулсан хэлний бэлтгэлд сурна.
Солонгос хэлний багш С.Буянзаяа “Очоод хэлний бэлтгэл нь маш хурдан явдаг учир би суурь үндсийг нь сайн тавьж өгье гэж бодож байна. Миний гол онцлог нь би Монгол хүн. Монголоор суурийг нь сайн тавьж өгөөд явуулбал сурагчид маань очоод алзахгүй байх гэж бодож байна. Долоодугаар сарын 1-ээс наймдугаар сарын 1 хүртэл вакуумжуулсан сургалттай. Сурагчид маань хичээгээд, цаашдаа сайн байна гэдэгт итгэж байна” гэв.
Булган аймгийн БШУ-ны газрын дарга Ж.Ганболд “Булган аймгийн ЗД-ын шинэ хөгжлийн зам мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-аас баталсан “Шинэ багш-Шинэ ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд манай төгсөгч сурагчдад маш сайхан боломжууд нээгдэж байна. Бид БНСУ-ын Шинхан их сургуульд суралцах сурагчдын батламж гардуулж, гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ хүрээнд 20 сурагч БНСУ-д суралцана. Мөн бид ОХУ-ын Буриад улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд Булган аймагт шаардлагатай байгаа найман малын эмч бэлтгэхээр гэрээ байгуулсан. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит “Тэтгэлэг” гэдэг тэтгэлэг жил бүр олгодог. ЭЕШ-ын дүнг дундажлаад, хамгийн өндөр оноо авсан 20 хүүхдэд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Мөн урлаг, спортын амжилт гаргасан таван сурагчид тэтгэлэг олгож байна. Ийм боломжууд байна. Дээрээс нь Беларус улсын их сургуулиудтай холбогдож, сурагчдаа сургаж байна. Өнгөрсөн жил Булган аймгаас гурван сурагч Беларус улсад суралцсан”.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.