АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид нэгэн үйл ажиллагааны үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийг “дарангуйлагч” хэмээн тодотгожээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёр их гүрний хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготой Бээжинд Ши Жиньпинтэй уулзсаны дараахан энэ үгийг хэлсэн байна. Ши Жиньпин Бээжинд тодорхой ахиц дэвшил гарсан гэж уг айлчлалын үр дүнг тодорхойлсон бол Э.Блинкен хоёр тал илүү их яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн.
Э.Блинкений Бээжинд хийсэн айлчлал нь сүүлийн таван жилд анх удаа АНУ-ын дээд түвшний дипломатч тус улсад айлчилсан тохиолдол байсан ба хоёр орны өндөр түвшний харилцаа холбоог дахин эхлүүлсэн юм. Ж.Байден, Ши Жиньпин хоёулаа энэ айлчлалыг сайшаасан. Гэхдээ Э.Блинкен хоёр улсын хооронд томоохон санал зөрөлдөөн байсаар байгааг тодорхой хэлжээ. Вашингтон, Бээжин хоёр худалдаа, хүний эрх, Тайванийн зэрэг олон асуудалд удаан хугацаагаар зөрчилдөж ирсэн.
Гэвч сүүлийн нэг жилд харилцаа огцом муудсан. АНУ-ын сонгууль ойртож, Хятадтай хурцадмал байдал улс төрийн асуудал болоод байгаа энэ үед Бүгд найрамдах намын зарим сенаторууд Байдены засаг захиргааг Хятадад "зөөлөн" хандсан гэж шүүмжилж байна.
SOURCE: BBC