Дэлгэрэнгүйг дээр видеоноос үзнэ үү!
Энэ сарын 17-нд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Идга-Чойнзонлин дацангийн дотуур байранд 13 настай ламхай бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн мэдээллийг түүний ээж өгснөөр энэ сэдэв олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Гандантэгчэнлин хийд, Идга дацангийн багш, мэргэжилтэн, мөн өмгөөлөгчөөс нь энэ асуудлаар тодруулахад шүүх шинжилгээний хариу гараагүй байхад, хэвлэл мэдээллийн байгууллагууд цахим сүлжээгээр үндэслэлгүй мэдээлэл сэвж байна гэсэн байр суурьтай байна.
ЭЛ АСУУДЛААС ҮҮДЭН НИЙТ ЛАМЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
Энэ талаар дацангийн багш Ч.Пүрэвдорж ярихдаа, “Хохирогч гэгдэх тухайн хүүхдийн ээж гандангаар үргэлж эргэлддэг. Лам нар бүгд мэднэ. Сүсэгтэн олон ч гэсэн мэдэж байх шиг байна билээ. Хүүхэдтэйгээ өдөртөө хамт байдаг. 19-20 цагийн үед гэр лүүгээ явдаг гээд мэдээлэл ч байсан. Нэгүүн.мн сайт шүүх шинжилгээний хариу гарсан гээд, хэрэг шалгагдаж байгаа явцад “ийм зүйл болчихсон” гэдэг мессеж хүргэж байгаа нь эмзэглэмээр асуудал гэж харж байна.
Нөгөөтээгүүр энэ асуудалд лам нарыг нийтэд нь хамруулж буй олон нийтийн хандлагыг ярих нь зүй. Лам нар гадуур явахад их хэцүү байх шиг байна. Массаараа биднийг хүчирхийлэгчид гээд ойлгочихсон байгаа. Лам нар бүгд ингэдэг гээд л. Хүмүүс дунд янз бүрийн хүн байна. Энд бол лам нарын эрх давхар маш их зөрчигдөж байгаа “ гэж ярилаа.
Бид зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын гаргасан мэдээлэл үндэслэл, баримттай эсэхийг ЦЕГ-аас тодруулахад хэрэг шалгагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй тухай хэлсэн юм. Мөн хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай, “Шинжээчийн дүгнэлтийг хуулиараа хохирогч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгчид нь танилцуулдаг. Олон нийтэд танилцуулж болдоггүй. Шинжээчийн дүгнэлт гарахад 14 хоногийн хугацаа шаардагддаг. Одоогоор дүгнэл гараагүй байгаа” гэв.
ХОХИРОГЧ ГЭГДЭХ ХҮҮГИЙН ЭЭЖ ДАЦАНГИЙН БАГШ УДИРДЛАГАД ХАНДАЛГҮЙ ШУУД СЭТГҮҮЛЧИД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН
Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ч.Бямбажаргал асуудалд тайлбар өгөхдөө, “Хохирогч гэх хүүгийн ээж дацан болоод хийдийн удирдлага, багш нарт ямар ч мэдээлэл гомдол өгөөгүй. Шууд сэтгүүлчид хандсан юм билээ. Тухайн хүүгийн ээжтэй одоог хүртэл холбоо барьж чадаагүй байгаа. Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагад тайлбар өгөхийг хориглосон. Бүх зүйл нотлогдосны дараа хэрэг нэг талдаа гарна гэж итгэж байна” гэлээ.
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГҮЙ БАЙХАД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ СЭВЖ БАЙНА
Бид Гандантэгчэнлин хийдийн өмгөөлөгч Ө.Батбаяраас мөн асуудлаар тодруулахад, “Ямар ч байсан шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Байгаа бодит мэдээлэл нь л энэ байна. Би дөнгөж сая байцаагчтай нь уулзаад гараад ирлээ. Асуудалд сэжиглэгдэж байгаа хүүхдүүдийн тухайд 13-17 насны 2-3 хүүхэд байна. Яг юу болсон гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би бол мэдэж байгаа зүйлээ ч ярих боломжгүй” гэсэн юм.
Харин дотуур байр хариуцсан ажилтан Б.Пүрэвдоржоос дараах зүйлийн тодрууллаа.
"ДАЦАНГИЙН ДОТУУР БАЙРАНД ТИЙМ АСУУДАЛ ГАРААГҮЙ"
-Та энэ байрыг хариуцаад ажиллаж байгаа хүний хувьд гарсан асуудлыг анзаарсан уу?
-Тийм асуудал гараагүй юм чинь… Надад огт тийм асуудал мэдэгдэж байгаагүй. Урд нь ХЭҮК-оос шалгалт хийгээд явсан. Тийм асуудал огт гарч байгаагүй. Өчигдөр шөнө баахан хүн ирээд, “Та нарыг зодно, шоронгийн хоригдлууд зөндөө байгаа. Гарч ирээд та хэдийг ална” гэсэн хүн их л ирж байна. Их айдастай байна.