Бөхийн галуудын дотроос хамгийн анхных болох “Увс нуур” галын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ галаас аварга цолтой таван бөх төрөн гарсан ба Ардын хувьсгалын 102 жилийн хугацаанд хамгийн олон түрүүг авсан цор ганц гал билээ. “Увс нуур” галын энэ жилийн наадмын сорилго барилдаан долдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн бямба гаригт болох нь.
Уул ус тэгширсэн Харзтай дахь “Шүтээн” амралтын баазад урлагийн тоглолт, гал хөгжөөх ёс үйлдэхээс гадна улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулах хөтөлбөр гаргажээ. Бөхөө дээдэлдэг нутгийн зон олон бөхөд элэгтэй бөх сонирхогч хэн бүхэн хүрэлцэн ирж идэр залуу хүчтэнгүүдийн уран барилдааныг шимтэн сонирхож, наадмын бөхийн өнгийг шинжих боломжтой.
“Увс нуур” галын анхны гүйцэтгэх захирлаар Зууны манлай монгол бөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх ажиллаж байсан бол өдгөө тус галын тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат ажиллаж байна. Энэ галын бөхчүүдийн тухайд, улсын наадмаас хүртээгүй цол, хүрээгүй даваа үгүй.
Цагийн эзэлсэн дархан аварга Х.Баянхмөнх, идэр залуу даян аварга Н.Батсуурь, түүхт 70 жилийн ойн түрүү, есөн цагаан тугийг ес тойрсон анхны бөх, улсын аварга О.Балжинням, 24 дэх улсын аварга П.Бүрэнтөгс, түүхт 90 жилийн ойн түрүү бөх, улсын аварга С.Мөнхбат байна. Мөн улсын арслан цолтон дөрөв, гарди хоёр, заан зургаа, харцага зургаа, начин цолтон 38 төрөн гарсан байдаг. Улсын баяр наадмын 18 түрүү авсан аймаг хараахан байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 50, 60 жилд Х.Баянмөнх, 70 жил О.Балжинням, 80 жил А.Сүхбат (Увс галд бэлтгэл хийдэг байв), 90 жилийн ойд С.Мөнхбат түрүүлсэн юм.