TerraUSD болон Luna криптовалютын 40 тэрбум долларын уналтын ард байсан БНСУ-ын крипто “босс” гэгдэх До Квон Монтенегро улсад дөрвөн сарын хорих ял сонслоо. До Квон бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцогджээ. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард тус улсын нийслэл Подгорица нисэх онгоцны буудалд Дубай руу нисэх гэж байхад нь баривчилсан юм.
До Квон мөн АНУ, Өмнөд Солонгост төстэй хэргээр шалгагдаж байгаа юм. До Квоны Terraform Labs компанийн хуучин санхүүгийн ажилтан Хан Чан Жун мөн ижил хэрэгт буруутай нь тогтоогдсон тул дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэн байна. До Квон, Хан нар өнгөрсөн тавдугаар сард болсон анхны шүүх хурал дээрээ өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсэн. Тэд шүүхээс бичгээр мэдэгдэл авснаас хойш найм хоногийн дотор шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой аж.
Хоёрдугаар сард АНУ-ын зохицуулагчид Квон болон түүний Terraform Labs компанийг "олон тэрбум долларын крипто хөрөнгийн үнэт цаасны луйврыг зохион байгуулсан" гэж буруутгасан удаатай. Энэ мэтчилэн крипто “өвөл” хэдийн нүүрлэж эхэлсэн гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа ба До Квоны баривчилгаа эхлэл нь байх болно гэж таамаглаж байна.
Source: BBC