Ахлах ангийн сурагч охин Б сургуулийнхаа сэтгэл зүйчтэй мэргэжил сонголтын асуудлаар ярилцаж зөвлөгөө авах хүсэлтэйгээр цаг товложээ. Үнэндээ сэтгэл зүйчтэй уулзах жинхэнэ шалтгаан тэс өөр байв. Тэрээр сэтгэл зүйчтэй дөрөв дэх удаагаа уулзах үедээ л жинхэнэ шалтгаан болох хойд аавынхаа хүчирхийллийн талаараа хэлжээ. Ямар их зориг гаргаж ам нээгээ бол… Хэн хүнд хэлж зүрхлээгүй, мэдчих вий гэж өөртэйгөө тэмцэлдэх сэтгэл зүй хохирогч хүүхдэд, өсвөр насныханд байдаг. Тэд өөртөө туслах гэхээс илүү улам хүнд байдал руу алхчихдаг нь хамгийн эмзэглэмээр. Хүчирхийлэгчээ буруутгах бус өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азгүй хэмээн буруутгана. Гэр бүлийн хүчирхийлэл, мунхаг хойд эцгийн балмад үйлдлийн тухай үеийнх нь охид төсөөлөх ч үгүй,эсрэгээрээ гэр бүлийнхээ хайр халамжид хөлбөрөхийг харж амьдрах нь өрөвдөлтэй. Яваандаа өөрийгөө үхчихвэл л энэ зовлонгоос ангижирна хэмээн итгүүлж эхэлдэг. Хэнд хандахаа тэд мэддэггүй. Яг л ийм нөхцөл байдлын дунд гутарч явсан охин сургууль дээр нь сэтгэл зүйч ажиллаж эхэлснээр ам нээх боломж гарчээ. Охинд мэргэжлийн сэтгэл зүйч шаардлагатай зөвлөгөөг өгч, холбогдох байгууллагуудад мэдэгджээ. Нэг үгээр охин аврагджээ.
Энэ бол Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн “Гэрэлт” төслийн явцад гарсан ноцтой кейсүүдийн зөвхөн нэг нь.
Сонгинохайрхан бол 43 хороотой, 330 орчим мянган хүн амтай, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн олон асуудал бий. Эдгээрийн гол хохирогчид нь хүүхдүүд л байдаг. Тус дүүрэг өсвөр насны буюу 10-19 насны 50 гаруй мянган хүүхэдтэй. Энэ олон мянган хүүхдийн тодорхой хэсэг дээрх нийгмийн асуудлын гол хохирогч болж байгаа гэж хэлж болно. Тэдний ард, гэр бүлд архидалт, хүчирхийлэл, хоол ундгүй байх, эцэг эх нь үл хайхрах, үе тэнгийнхний доромжлол, дайралт зэргээр олон ноцтой асуудал өрнөж сурлага муудах, хичээл завсардах, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох, хүсээгүй жирэмслэлт, амиа хорлолт зэрэг олон аюултай үр дагаварт хүрдэг. Тэдэнд тусламж хэрэгтэй байсан, хэрэгтэй байсаар ч байна…!
Уул уурхайн салбарын хамгийн том бүтээн байгуулагч “Оюу толгой” компанийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан багийнхан энэ асуудлыг гурван жилийн өмнөөс “барьж авчээ”. Тэд Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Гэрэлт” хэмээх төслийг хэрэгжүүлж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 31.000 сурагч, багш, эцэг эхэд хүрч чадсан мэдээг саяхан дууллаа.
Компаниуд нийгмийн хариуцлагын олон төсөл хэрэгжүүлдэг. Гол төлөв материаллаг тал руугаа, сургуулийн ширээ сандал, компьютер, хичээлийн хэрэгсэл, тохижилт зэргээр хязгаарлагддаг нь нууц биш. Мэдээж тодорхой цаг хугацаанд тухайн сургуульдаа, хүүхдүүддээ үр дүнгээ өгч байгаа. Харин “Гэрэлт” хэмээх энэ төсөл тэдгээрээ.с нэлээд онцлогтой аж. Тэд сургуулиудад үнэтэй компьютер, гоё тансаг тохижилт хийж болох л байсан. Гэвч төслийн багийнхан энэ удаа өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад гол анхаарлаа хандуулжээ.
Сонгинохайрхан дүүрэг улсын 27 сургуультай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Гэрэлт” төсөл тус дүүргийн сургуулиудын 50 хувьд нь хүрээд ажиллачихжээ. Тэд сонгож авсан сургуульдаа зуны амралтаар хоёр танхим тохижуулдаг аж. Нэг нь мэргэжлийн сэтгэл зүйч сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг танхим. Нөгөөх нь үе тэнгийн зөвлөгчид бэлддэг, тэд нөхөн үржихүйн эрүүл мэндийг үе тэнгийнхэндээ заадаг, зөвлөдөг, сургадаг, хамтран хөгждөг танхим. Хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль дээр нь нов ногоон хоёр шинэ танхим бий болчихсон, тэнд нь өсвөр үеийнхэнд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл, үе тэнгийн зөвлөгч хүүхдүүд нөхөн үржихүйн талаар үеийнхэндээ зааж зөвлөнө гэхээр хүүхдүүдэд төдийгүй багш нарт ч сонин содон. Сэтгэл зүйн зөвлөгөө авдаг хүн бол галзуу, солиотой гэх хандлага манай нийгэмд түгээмэл байдаг бол төсөл хэрэгжсэн сургуулийн хүүхдүүд энэ хугацаанд сэтгэл зүйчтэй асуудлаа ярилцаж, зөвлөлдөх нь хэвийн үзэгдэл болж, сэтгэлийн хөндүүртэй асуудлаа ч нээх болжээ.
Түүнээс гадна хүүхдүүд нэгэндээ зөвлөнө, нэгнийхээ нууцалж эмээж явдаг зүйлд нь тусална гэхээр бас л шинэ сонин технологи сонстож байгаа биз?. Үнэндээ үе тэнгийнхэн нэгэндээ зааж сургах нь дэлхий нийтэд шалгарсан арга барилд тооцогдох болсон юм билээ. Яг ийм л ажил эрсдэлт бүлгийн өсвөр насны хүүхдүүдэд хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр нийгэмд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн харгис хэрцгий гэмт хэргүүд байсхийгээд л дуулддаг болсон. Далд хэлбэрт байгаа хүчирхийллүүд бүр ч олон гэдгийг нийгмийн суурь судалгаанууд харуулдаг. Түүний ард хохирогч болж буй хүүхэд багачууд тусламж авах ёстой тийм ч эрхтэй.
Чухамхүү энэ ажлыг уул уурхайн компани хийж байгаа нь сонирхолтой хийгээд талархууштай. Төслийн багийнхан чухам яагаад өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн ажил хэрэгжүүлэхээр болсон тухай “Оюу толгой” компанийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ажилтан Ё.Лхамаа тайлбарлахдаа “Монгол Улс бол залуучуудын орон. Тиймээс залуус хүүхэд рүү ялангуяа тэдний эрүүл мэндэд чиглэсэн урт хугацааны үйл ажиллагаа амин чухал юм. Бид нүдэнд үл үзэгдэх сэтгэл хэмээх эрхтнээ хайрлан хамгаалах, нөхөн үржихүйн зөв ойлголт, мэдлэг, хандлагыг түгээх үүднээс энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид л болж байвал болоо гэх аминчхан хандлага нийгэмд маш аюултай. Таны амьдардаг, ажилладаг өндөр байшингаас амьдрал сайхан харагддаг байж болох ч хоёр уулын цаана тэс өөр амьдрал явж байгааг мартаж болохгүй. Учир нь өнөөдрийн хүчирхийлэл дунд байгаа хүүхдүүд нас биед хүрээд мэдээж гэр бүл зохионо. Хүчирхийлэлд байсан хүүхэд хүчирхийллийг байдаг л зүйл мэтээр гэр бүлдээ хандана. Ирээдүйн хүчирхийлэгчтэй амьдрах хүн нь таны хүүхэд байж ч мэднэ. Надад хамаагүй гээд орхисон хүүхэд таны хүүхдийн хөрш, хамтран ажиллах хүн нь болох магадлалтай. Надад хамаагүй мэт санагдах зүйл явж явж хамгийн хамаатай болж таардаг. Ирээдүйгээ эрүүлээр бэлтгэх үүднээс бид энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн.”
“Гэрэлт” төслөөр сэтгэл зүйн боловсрол олгох ажиллагааг “Гүүд-Нэйборс” олон улсын байгууллага зохион байгуулжээ. Ганцаарчилсан зөвлөгөөг гэр бүлийн зөрчилтэй харилцаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа, найз нөхдийн харилцаа ба үерхэл нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, уй гашуу, түүнийг даван туулах арга, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, тусдаа амьдарч буй эцэг эхийн харилцаа ба хүүхэд, үе тэнгийн дээрэлхэл, дарамт, бие хүний онцлог ба хувийн онцлог шинж, бага насны ээнэгшлийн асуудал, төрх үйлийн эмгэг бүхий шинж амиа хорлох оролдлого, өөрийгөө гэмтээх үйлдэл гаргаж байсан хүүхдүүд голдуу авсан нь судалгаанаас харагдаж байна.
Энэ тухай “Гүүд-Нэйборс”-ын багийнхан “Ганцаарчилсан зөвлөгөөний явцад кейс хэлэлцүүлгийг мэргэжлийн зөвлөхийн тусламжтай зохион байгуулсан. Кейс хэлэлцүүлэгт 16 кейсийг тусгайлан хэлэлцэж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан. Кейс хэлэлцүүлгийн үеэр сэтгэцийн эмгэг бүхий шинж илэрсэн, бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүчирхийлэлтэй харилцаанд олон жилийг өнгөрөөж буй кейсүүдийг онцлон үйлчилгээг төлөвлөн үзүүлсэн” гэсэн нь анхаарал татаж байлаа.
Бүтэн нэг хичээлийн жилийн турш сэтгэл зүйн зөвлөгөө тусламж авсан хүүхдүүдийн үр дүнг үнэлэхэд зөвлөгөөнд хамрагдсан эрэгтэй сурагчдын айдас, түгшүүрийн түвшин 31.9 хувиар, эмэгтэй сурагчдын айдас түгшүүр 11.6 хувиар буурсан амжилт үзүүлжээ. Нийт үйлчлүүлэгчдийн 48 хувь нь тулгамдсан асуудлаа бүрэн шийдвэрлэж чаджээ. Сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдсан нийт хүүхдүүдийн 67.5 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн үнэлгээ өгсөн бол бүлгийн зөвлөгөө, сургалт зэрэг хөтөлбөрт хамрагдсан өсвөр насныхан өөрийгөө ойлгох, тулгамдсан асуудлаа ойлгох, даван туулах аргад суралцах, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь сайжирсан гэж мэргэжлийн хүмүүс дүгнэжээ. Энэ бол том амжилт юм. “Гэрэлт” төслийг хэрэгжүүлсэн Ё.Лхамаа мэргэжилтний онцолж байсанчлан хүүхэд асуудлаа хэлж ярьж чадалгүй хуримтлуулсаар амиа хорлохоор өндөр байшин дээр гарахаас өмнө, судсаа ханачихаас нь өмнө тусламж авах боломжийг нь бий болгох нь нэн чухал. Чамд туслах хүмүүс бий, асуудлаа сэтгэл зүйчийн тусламжтайгаар даван туулж болно” гэдгийг ойлгуулах л томчууд бидний үүрэг билээ.
Өсвөр насныханд өөр олон асуудал бий. Бие физиологид гарч буй өөрчлөлтөөс эхлээд мэдлэг мэдээлэл, болгоомжгүй, хараа хяналтгүйгээс хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчинд өртөх эрсдэл ч өндөр байдаг гэдэг. Тэдгээр хүүхдүүд мөн л бусдад хэлж, хаанаас тусламж авахаа мэддэггүй. Дэлхий даяар нэг л статистик байдаг юм байна. Тэр нь “Өсвөр насныхан өөрт тулгамдсан асуудлаа аав ээждээ ярьдаггүй, харин үе тэнгийнхэндээ, найз нөхдөдөө л дэлгэдэг” гэсэн дүгнэлт. Тиймээс “Гэрэлт”-ийнхэн хүүхдэд хүүхдээр нь дамжуулж нөхөн үржихүйн боловсрол олгохыг зорьсон байна.
Эмч нараас бүрдсэн “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ-ынхан сонгогдсон 13 сургууль дээр ажиллаж, өөрт тулгарсан нөхөн үржихүйн асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, өөртэйгөө ижил асуудал тээж яваа найз нөхдөдөө зөвлөгөө өгч, эрүүл мэндийн зөв мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлж, амьдралын зөв хэвшил рүү чиглүүлж, уриалах үе тэнгийн зөвлөгчөөр ажиллаж үзэхийг хүсдэг 25 зөвлөгчийг сургууль тус бүрд бэлтгэжээ. Тэд сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан үе тэнгийнхэндээ хэрэгтэй тулгамдаж буй асуудалд тулгуурлан сургалтыг өөрсдөө цааш зохион байгуулах дадал хэвшлийг бий болгож байна. Үүний үр дүнд “…Миний бие үе тэнгийн зөвлөх гэдэг нөхөрсөг клубт орсноор өөрчлөлтийг өөртөө авчирлаа. Би энэ хичээлийн жил хүртэл маш бүрэг ичимхий хүүхэд байсан. Олон хүний өмнө ярьж чаддаггүй, олон хүний дунд байх хэцүү санагддаг байв. Тэд намайг юу гэх бол, миний бодол тэдэнд таалагдах болов уу гэх бодлууд салдаггүй байлаа. Харин энэ клубт орсноор найрсаг хамт олонтой танилцаж, ярих чадвар маань маш сайжирсан. Энэ бол миний хувьд том амжилт” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа сайхан мэдээг төслийн багийнхан урамтай ярина лээ.
Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн сэтгэл зүйтэй ажиллаж, тэднийг асуудлаа даван туулж өөртөө итгэх, бусдадаа туслах ёстой гэсэн итгэл, сэтгэл зүйг төрүүлж чадсан энэ хоёр төрлийн танхим, үйлчилгээнээс гадна хүүхдүүдэд тулааны урлаг болох Жюү Жицү болон багийн спорт Крикетээр хичээллэх боломжийг мөн гаргаж өгч. Эдгээр нь бусад спортоос онцлог юм байна. Нэг ёсондоо хүний сэтгэл зүйг удирддаг спорт гэж хэлж болно. Төсөлд хамрагдсан хүүхдүүд энэ хоёр спортоор хичээллэж, нэг ёсондоо сэтгэл зүйн цогц үйлчилгээг үзүүлж, асуудлаа даван туулахын гайхамшгийг мэдрүүлэхийг л хүсжээ. Тэгж ч чадсан байна. Томчууд бид хүнд зовлон бэрхшээлийг даван туулсны дараах сэтгэл зүй ямар хаттай, хүчтэй болдог билээ дээ. Тэгвэл хүүхдүүдэд бага ч гэсэн асуудлаа даван туулах нь ирээдүйг нь өөрчилж ч мэдэх тийм үр нөлөөг авчирдаг гэж сэтгэл зүйчид хэлдэг. Үнэхээр л хүүхдийн сэтгэлд гэрэл нэмэхэд тэд яаж ч гэрэлтэж болдгийг энэ төслийн багийнхан нулимстай ярьж суусан.
Тэд зүгээр л сургуулиуд дээр эд материал тараагаад, нийгмийн хариуцлага гэж Монгол даяар зарлаж болох л байсан. Гэвч үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн эцэг, эх, сургууль, Монгол төрийн өмнөөс эрсдэлд байгаа өсвөр насны хүүхдүүдэд бодит тусламжийг үзүүлж чаджээ.
Яг л энэ арга барил, тусламж үйлчилгээ ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгтэй. Нийслэлээр тогтохгүй алслагдсан аймаг, орон нутгийн сургуулиудад сэтгэл зүйч гэдэг албан тушаалтан, мэргэжилтэн багшаас дутахааргүй ач холбогдолтой юм. “Оюу толгой” компанийн жишгээр бусад сургуулиудад сэтгэл зүйч, нөхөн үржихүйн боловсрол олгодог үе тэнгийн зөвлөгчдийг бэлтгээд эхлэхэд тэд өөрсдөө л хөгжөөд дэвшээд явчихна. Хүүхдийн сэтгэлд гэрэл нэмэхэд л…