Өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснийг дурдаад эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллага, 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна гэв.
Эрт илрүүлэгт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд, насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна.
Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна.
Мөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар гурван настай гурван хүүхэд тутмын нэгд, таван настай гурван хүүхэд тутмын хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.