Дуучин The Weeknd продюсерээр ажиллаж, “Euphoria” киноны найруулагч Сэм Левинсон найруулж, жүжигчин Жонни Деппийн охин, загвар өмсөгч Лили Рөүз Депп гол дүрийг нь бүтээж, Blackpink-ийн Женни тэргүүтэй алдартнууд тоглосон HBO-гийн “Шүтээн” киноны эхний хоёр анги цацагдсан даруйдаа олон нийтээс багагүй шүүмжлэл авч байна. Кино нь урлагийн салбарын хөшигний цаана нуугдах амьдрал, дарамт, сорилт бэрхшээлүүдийн талаар өгүүлнэ гэж анх трейлэрийг нь үзсэн үзэгчид ойлгож байсан. Гэвч эхний ангиуд дээр уг кино нь +21 насныханд зориулсан, “арай өөр” төрлийн бүтээл байлаа гэж олон нийт үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдэд зориулсан хэсэгтээ хэт анхаарсан нь уг бүтээлийн гол утга санааг алдагдуулж байна гэж кино шүүмжлэгчид дүгнэсэн. Нөгөөтээгүүр, бодит амьдрал дээр алдартай урлагийнхны амьдрал үнэхээр л ийм хүнд, хэцүү байдаг байж болзошгүй гэж үзэх үзэгчдийн хэсэг мөн цөөнгүй байна. Кинотой холбоотой бичлэг, сэтгэгдлүүд яг одоо цахим сүлжээнд, нэн ялангуяа тикток, YouTube зэрэг платформууд дээр эрчээ авч байна. Үзэгчид энэ бүтээлээс Лили Рөүз Деппийн жүжиглэх авьяасыг олж харан, сайшааж байгаа бол The Weeknd-ийн жүжиглэлтийг харин өөлөх зүйл ихтэй байлаа гэж харж байгаа юм. Түүнчлэн уг бүтээл 2000-аад оны поп гүнж Бритни Спийрсийн амьдралаас сэдэл авсан байх магадлалтай гэж кино сонирхогчид таамаглаж байна.