Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өчигдөр /2023.06.16/ 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн ирсэн. Тэднийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэн хүргэсэн байна.
Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобус онхолджээ.
Дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.
Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношилгоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношилгоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.
ЭХ СЖРВАЛЖ: ГССҮТ