
Шведийн хэрэглэгчид дуучин Биёнсег үнийн өсөлт, улмаар инфляцид буруутгах хандлага ажиглагдаж байна. Тодруулбал, алдарт дуучин өнгөрсөн сард дэлхийг тойрсон “Renaissance” тоглолтоо Шведийн Стокгольмоос эхлүүлсэн. Түүнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид нь цуглаж, үйлчилгээний салбар, тэр дундаа зочид буудал, ресторануудын үнэ өсөхөд нөлөөлжээ. Энэ нь Шведийн инфляц 5-р сард таамаглаж байснаас өндөр гарахад хүргэсэн гэж шинжээчид дүгнэж байна. Шведэд хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн гэж Шведийн статистикийн агентлагаас мэдээлсэн аж. Энэ үзүүлэлт хэдий өмнөх сарын 10.5 хувиас буурсан ч эдийн засагчдын таамаглаж байснаас өндөр гарсан байна. Даснке банкны эдин засагч Майкл Грахн энэ үзэгдлийг “Биёнсегийн нөлөө” гэж тодотгосон ба түүний аялан тоглолт зөвхөн Швед гэлтгүй бүс нутгийн ойр орчимд нөлөөлсөн гэж үзжээ. Биёнсегийн шүтэн бишрэгчид харин уг мэдээлэлд бухимдаж буйгаа цахим сүлжээнд илэрхийлэн, эдийн засгийн үзүүлэлтэд дуучныг буруутгах нь өрөөсгөл хандлага юм гэж санал бодлоо илэрхийлж байна.