UFC-ийн тулаанч Конор МкГрегор энэ сарын эхээр Майамид болсон NBA-ийн финалын сагсан бөмбөгийн тэмцээний дараа нэгэн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдлоо.
Энэ хэрэг Касея төвийн ариун цэврийн өрөөнд болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. МкГрегорын өмгөөлөгч эдгээр мэдээллийг няцааж, ямар ч гүтгэлэг UFC-ийн тулаанчийг айлгахгүй гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Харин Майами хотын цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэдгээ мэдэгдлээ. UFC-ийн зүгээс мөн мэдэгдэл гаргасан бөгөөд энэ мэдээллийг мэдэж байгаа ба нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа гэсэн байна.
Нөгөө талд, өөрийгөө хохирогч гэх эмэгтэйн өмгөөлөгч Ариэль Митчеллийн хэлснээр тус эмэгтэй хэрэг гарахаас өмнө буюу 6-р сарын 9-ний баасан гарагт NBA-ийн финалын дөрөв дэх тоглолтыг үзэж байжээ. Тэр эмэгтэй хамгаалалтын ажилтнууд өөрийг нь ариун цэврийн өрөөнд оруулж, МкГрегор өөрийг нь хүчирхийлсэн гэсэн байна. Түүнчлэн түүний өмгөөлөгчид үйл явдлын нэг хэсгийг харуулсан бичлэг байгаа гэнэ. Энэ үйл явдалтай холбоотойгоор Майами хотын цагдаагийн газраас "Энэ бол нээлттэй мөрдөн байцаалтын ажиллагаа тул одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдээлжээ.