
Сэргэлэн охин Янсүн ОАК-ны Хан Ки-тэ, Сэрчигнэх салхи УСК-ны Ку Мён-ү зэрэг дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Жан Хёк 1976 оны 12 сарын 20-нд БНСУ-ын Бусан хотод төржээ. Түүний жинхэнэ нэр нь Жан Ен Жүн бөгөөд тайзны нэрээ Жан Хёк болгон өөрчилж байсан байна.
Театр урлагийн мэргэжилтэй тэрбээр 1990-ээд оны сүүлээр кино урлагт хөл тавьж, олонд танигдсан байдаг. Жүжигчин эр 2008 онд пилатесийн багш Ким Ё Жинтэй гэрлэсэн ба өдгөө хоёр хүү, нэг охинтой. Жан Хёк нь мэргэжлийн таэквондогийн тамирчин байсан ба бокс, морь унах спортоор хичээллэдэг байна. Сэрчигнэх салхи кино түүнийг Ази даяараа нэр хүндтэй болоход нөлөөлсөн бөгөөд Хонгконгод нээлтээ хийсэн анхны БНСУ-ын кино болж байсан юм. Түүнчлэн Японд хамгийн их үзэлттэй болсон БНСУ-ын кинонуудын нэг болж, амжилт тогтоож байсан түүхтэй. Жан Хёк нь БНСУ-ын хамгийн нэр хүндтэй эрэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг ба триллер, гэмт хэрэг, романтик гээд төрөл бүрийн кинонд тоглодог авьяаслаг нэгэн билээ.