“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар тус аймгийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 17-нд 16:00-18:00 цагийн хооронд "UB palace"-ын танхимд Увс аймгийн хөгжлийн хөтөлбөрийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг, уулзалтыг хийхээр болсон ажээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хотоос хөдөө рүү шилжих иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх болон болон бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Уулзалтаар Увс аймагт иргэд, бизнес эрхлэгчдэд ажлын байр болон бизнесийн ямар боломжууд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн 19 сумын удирдлагууд танилцуулахаар болсон байна.
УВС АЙМАГТ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, МАЛЫН ЭМЧ, БАГШИЙН ОРОН ТОО ДУТАГДАЖ БАЙНА
Увс аймагт хүлээгдэж байгаа нээлттэй ажлын байранд ирж ажиллах боловсон хүчинд байгууллага болон аймаг, сум ямар дэмжлэг үзүүлэх болон 3,000 болон 300 орчим байнгын ажлын байр бий болгох "Хил дамнасан аялал жуулчлал", "Баруунтуруун хөдөө аж ахуйн цогцолбор" зэрэг хөтөлбөрийн талаар танилцуулах тул Увс аймагт шилжин суурьших хүсэлтэй, сонирхсон хүн бүр оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэлсэн үгэндээ "Увс аймагт бизнес болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах сонирхолтой хүмүүсийг газрын бодлогоор дэмжиж ажиллана. Аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээ мөн газар тариалангийн чиглэлээр хэчнээн нэгж талбарын газар олгох нь тодорхой олсон. Газрын бодлого, ажлын байрны дэмжлэг болон гурван хувийн ипотекийн зээл зэрэг нь шилжин ирсэн болон суурин байгаа хүмүүст аль алинд нь хамааралтай.
Увс аймаг ОХУ-тай холбогддог, байнгын ажиллагаатай хоёр боомттой. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 150-200 суудлын автомашин, 500-800 хүн зорчдог. Түүнчлэн жилд дунджаар 80,000 орчим дотоодын аялагчдыг хүлээж авч байна. Эдгээр нь Увс аймагт бизнес эрхлэх таатай боломжийг бүрдүүлж байгаа юм." хэмээсэн юм.