Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, болон УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Эрх барьж буй нам сонгууль болгоны өмнө өөрийн намдаа ашигтай гэж үзсэн хувилбараар Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик сүүлийн найман сонгуульд давтагдсан. Сүүлдээ зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж жишиг тогтоосон боловч 12 сарын өмнө өөрчилдөг байсан. Ингээд найман удаагийн сонгууль өөр тогтолцоогоор явж ирсэн. Энэ нь сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад сөрөг нөлөөлж ирсэн. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж ойлгож байна.
Монгол Улсыг хагаралдуулж, нэгдмэл бус, хүчгүй, хөгжилгүй байлгах гэсэн олон эрх ашиг бий. Үүнд авталгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадсан. Өнөөдөр холимог тогтолцоог сонгож, Сонгуулийн хуульдаа баталгаажууллаа. Улс орны том эрх ашгийн төлөө гадаад, дотоодын бодлогод нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ийм ч утгаараа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой" гэв.