Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих ажлын явцын талаар мэдээллийг танилцууллаа.
2011 оноос эхлэн 1970 оноос өмнө барьсан 672 барилгад биет үзлэг, хэмжилт, судалгаа хийжээ. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016-2022 онд гарсан зургаан удаагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 377 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Гэхдээ эдийн засаг болон бусад хүчин зүйл шалтгаалан зарим барилгад иргэд оршин суусан хэвээр байгаа билээ.
Нийслэлийн Засаг даргын 22 удаагийн захирамжаар 194 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 150 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2023 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3248 өрхийн үйлчилгээ, орон сууцны 27 барилгыг ашиглалтад оруулсан. Энэ нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжийг буулган, шинээр барих ажлын хэрэгжилт удаашралтай, цаашид эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 50 хуулийн этгээдээс 31 барилгын загвар зураг төсөл батлуулахаар ирүүлсний 24 нь барилгын хүчин чадал нэмэгдүүлэх тухай хүсэлт байжээ. Эдгээр хүсэлтийн дийлэнх нь урьдчилсан байдлаар 9-12 давхар байхаар төлөвлөсөн барилгыг 16 давхар болгох хүсэлт ирүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд бараа материалын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан барилга угсралтын зардал нэмэгдсэн нь төсөл хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа ажээ.