Тайванийн “Wave Makers” цуврал Нетфликст цацагдсан даруйдаа Тайвань даяар бэлгийн дарамтын эсрэг #Metoo хөдөлгөөн эрчимжихэд хүргэлээ. Тус кино нь сонгуулийн кампанит ажил хийж буй хүмүүсийн талаар өгүүлдэг ч бэлгийн дарамтын тухай сэдэв хөндсөн нь ийн нөлөөллөө үзүүлсэн байна. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 90 гаруй хүн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа мэдээлсэн юм. Анхандаа энэ хөдөлгөөн улс төрчид рүү, тэр дундаа эрх баригч намын албан тушаалтнууд руу чиглэж, хэд хэдэн хүн огцроход хүргэсэн. Гэвч #Metoo хөдөлгөөн орон даяар эрчээ авч, эмч, профессор, контент бүтээгчид зэрэг бусад салбарын хүмүүсийн эсрэг чиглэж эхэлжээ. Түүнчлэн Польшийн дипломат хүртэл бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт шалгагдаж байна. Асуудал нэгэнт даамжирсан тул Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вен цахим хаягаараа дамжуулан олон нийтээс уучлал хүсээд амжсан юм. Жендэрийн эрх тэгш байдал нь Тайванийн жишиг болсон нийгмийн хэв байсаар ирсэн. Нэн ялангуяа, БНХАУ шиг уламжлалт сэтгэлгээ зонхилсон улстай харьцуулахад Тайванийн жендэрийн индекс, үзүүлэлт олон улсад дээгүүр байр эзэлдэг байсан юм. Гэвч #Metoo хөдөлгөөн өрнөснөөр хөшигний цаадах олон асауудлыг ил гаргалаа гэж гадны хэвлэлүүд тодотгоход хүргэж байна.