Грекийн өмнөд хэсгийн эрэгт загас агнуурын завь хөмөрч, осолдсоны улмаас 79 хүн нас барж, 100 гаруй хүнийг аварсан байна. Гэвч амьд үлдсэн хүмүүс болон Грекийн албаны хүмүүсийн хэлснээр тус завинд олон зуун цагаач байсан гэжээ. “Энэ бол Грекийн цагаачдад тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал” гэж засгийн газраас нь мэдэгдэж, гурван өдрийн гашуудал зарласан байна. Эргийн хамгаалалтын албаныхан завинд байсан хүмүүс тусламж авахаас татгалзсан гэсэн ба хэн ч аврах хантааз өмсөөгүй байжээ. Грекийн ERT агентлагийн мэдээлснээр эрх баригчид хэд хэдэн удаа завьтай холбогдож, тусламж санал болгосон боловч "Бид Итали руу явахаас өөр юу ч хүсэхгүй байна" гэж цагаачид хэлсэн байна. Харамсалтай нь үүнээс хэдхэн цагийн дараа завин дээр байсан хэн нэгэн Грекийн эргийн хамгаалалтынханд завины хөдөлгүүр доголдсон тухай мэдэгдсэн аж.
Удалгүй завь хөмөрч, бүрмөсөн живэхэд ердөө араваас арван таван минут зарцуулжээ. Эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн ч хүчтэй салхины улмаас хүндэрсэн байна. Европ дахь цагаачдын асуудал сүүлийн жилүүдэд улам эгзэгтэй болж буйг хэвлэлүүд сануулсаар байгаа билээ.