Гэр бүл салалт нь хүүхдийн сэтгэхүйд яаж нөлөөлдөг талаар бид сэтгэл судлаач, хүүхдийн урлагийн сэтгэл засалч С.Сарантуяагаас тодрууллаа.
Тэрбээр, "Гэр бүл салалт нь мэдээж хүүхдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Аль насанд нь гэр бүл салж байгаагаас шалтгаалаад өөр өөр байдлаар илэрдэг. Жишээ нь бага насны хүүхдэд ой тогтоолт муудах, анхаарал нь төвлөрөхгүй. Өөрөөр хэлбэл сурлага нь муудах байдлаар илэрдэг.
Харин өсвөр насанд хүүхэд өөртөө итгэлгүй, ууртай уцаартай болдог. Гэр бүл салалтын шалтгааныг надаас л бүх юм боллоо гэж өөртөө бүх бурууг тохдог. Эсвэл дандаа бусдыг буруутгадаг болдог. Энэ мэдрэмжийг хүчтэй авснаас болж дараа дараагийн асуудлыг үүсдэг юм.
Энэ асуудлыг давахад мэдээж тийм амархан биш. Ингээд л давж туулна гэсэн шидэт томьёо байхгүй. Магадгүй цаг хугацаа, орчин нөхцлөөсөө хамаараад давах эсэх нь шийдэгдэх байх.
Миний сүүлд харсан судалгаагаар өдөрт 4000 гэр бүл салж байна гэсэн статистик мэдээлэл байна билээ. Энэ бол зөвхөн бүртгэлтэй тоо. Тэгэхээр 4000 гэр бүлийн ард хэдэн мянган хүүхэд байгаа вэ? Энэ тоог эхлээд бодох хэрэгтэй. Гэр бүл салсныг би буруутгахгүй. Болохгүй гэж хэлэх эрх байхгүй. Энэ бол хувь хүмүүсийн асуудал. Гэхдээ салсан ч гэсэн ээж, аав байх үүрэг, тэр дүрээсээ битгий татгалзаач ээ. Хүүхдийг өөрийгөө буруутгах мэдрэмжтэй битгий үлдээгээч гэмээр байна. Боломжтой бол асуудал, шалтгаанаа насных нь онцлогт тааруулаад хэлэх хэрэгтэй. Тэгж байж надаас хамааралтай биш юм байна гэсэн мэдрэмжийг авна. Тухайн мэдрэмжийг авснаар өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эерэг мэдрэмж дээрээ илүү төвлөрөх, бусдыг сайн сайхан талаас нь харж чаддаг болно. Эсрэгээрээ бүх зүйл хаалттай учир битүүлэг байвал хүүхдэд маш их асуудал үүснэ" гэв.