“Гацуурт” компанийн захирал, Монгол улсын хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд малчдыг машинаараа дайрч хөөж буй бичлэг цахим орчинд тархсан. Өөрөө тайлбар хэлэхдээ “Малын хулгайчдаас малаа хамгаалсан” хэмээн бичээд буй. Тэгвэл бид яг юу болсон талаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын гуравдугаар багийн засаг дарга Б.Ганзоригоос тодрууллаа. Түүний хувьд хэрэг явдал болох үед бичлэг хийж, цахим сүлжээнд нийтэлсэн юм.
Тэрээр “… Би Сэлэнгэ аймгийн Гуравдугаар багийн засаг дарга Ганзориг гэж хүн байна. Энэ бол өчигдөр шөнө анх эхэлсэн процесс. Дорнод, Сүхбаатар аймгаас буюу халдварт өвчний голомттой бүс нутгаас 300-350 тооны адууг Гацууртын Л.Чинбат нь туувраар туулгаж манай сум руу оруулж ирсэн. Би багийнхаа иргэдээ цуглуулаад, малчидтайгаа нийлж “Манай сумын ИТХ-ын тогтоол байдаг. Гаднаас гарал үүсэлгүй, бичиггүй мал оруулахгүй. Хорио цээрийн дэглэмтэй газраар дамжаад ороод ирсэн малыг бид оруулахгүй. Мөн бэлчээрийн даац хэтэрчихсэн. Энэ мал ороод ирэхэд манай малчдын мал халдвар авах эрсдэл их байгаа. Ийм учраас хүлээж авах боломжгүй гэдэг зүй ёсны шаардлагыг тавьсан. Гэвч Л.Чинбат харанхуй болоход адуугаа оруулах гэж завдсан. Ингээд манай гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ганцэцэг гэдэг хүний биед “Гацуурт” компанийн нэг ажилтан халдсан.
Өнөөдөр бид Зүүнбүрэнгийн малчидтайгаа нийлж, адуунуудыг нутгаас гаргах гээд байж байтал Гацууртын Чинбат нь саарал өнгийн “Ланд 200” машинтай давхиж ирээд “Та нар миний хөрөнгийг хаших эрх байхгүй” гэнгүүтээ шууд манай хоёр морьтой, нэг мотоциклтой иргэнийг машинаараа дайраад унагаачихсан. Бид нар мал хулгайлсан юм байхгүй. Сум, орон нутгийнхаа дүрэм журмыг дагаад “Энэ адууг чинь оруулахгүй” гэж хэлсэн. Ингээд адууг нь албадан гаргах гэж байсан. Л.Чинбат ташаа мэдээлэл тарааж, бидний, сум орон нутгийн нэр хүндэд халдаж байна. Шат шатандаа гомдол гаргана” гэлээ.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн газрын бүрэлдэхүүн адуу байгаа хэсэгт ажиллахаар замдаа гарсан гэх мэдээллийг бид авлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Халдвартай бүсээс халдваргүй бүс рүү мал хөлөөр нь оруулах боломжгүй. Иймээс бид зөвшөөрөлгүй дур мэдэн адуу тууж ирснийг нь зогсоохоор ажиллаж байна. Яг одоо Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Бүдүүний гүүрэн дээр адууг хашаад байна. Аймгаас мэргэжлийн байгууллагууд очсон" гэлээ.