
Туул голын байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор Загас үржүүлгийн төвөөс шөвгөр хоншоорт зэвэг загасыг зориудын аргаар үржүүлээд, бие даан амьдрах чадвартай 525 мянган жараахайг нутагшуулаад байна.
БОАЖЯ-ны захиалга, Байгаль хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хэрэгжүүлж буй туршилт судалгааны энэ оны үржүүлгийн ажил 4 дүгээр сард эхэлжээ. Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран үржилд тэнцэх 21 атуу, 20 атуухыг Орхон голоос барьж, эх сүрэг зөөвөрлөх зориулалтын саванд тээвэрлэн авчирч түрс, сунг авсны дараа Туул голд буцаан тавьсан байна. Туршилт судалгаанд Ховдын Их сургууль, МУБИС-ийн оюутан залуусыг дадлагажуулан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч хамтран ажиллажээ. Төсөл хэрэгжсэнээр Туул гол, түүний цутгал голуудын загасны нөөц нэмэгдэн, хүн амыг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спорт загасчлал, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхийг БОАЖЯ мэдээлэв.
Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлөөс үүсэх органик бохирдол, хууль бус агнуурын нөлөөгөөр Туул голын загасны нөөц багассан билээ. Иймд Туул гол, түүний цутгал голуудын загасны тоог нэмэх, зарим устсан загасыг сэргээн нутагшуулахаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 1-р багийн нутагт загас үржүүлгийн бага оврын төвийг 2012 онд байгуулжээ.