УИХ-ын гишүүн Х.Булгантуягийн “parliament talk” хэлэлцүүлэгт оролцсон яриа олон нийтийн сүлжээний өчигдрийн сэдэв болов. Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгээс тасдаж авсан 40 секундын яриаг үдийн 14 цагаас эхлэн нийгмийн сүлжээгээр сэвж, хэдэн талаас нь “буллидав”. “Нүүрсний хулгайгаар хэдэн хүнийг шоронд хийх нь бидний үнэт зүйл, зорилго юм уу. Улсаараа бие биенээ шоронд хийх нь бидний үнэт зүйл биш шүү дээ” гэсэн хоёр өгүүлбэрт яг юу нь буруу байсныг ойлгосонгүй. Тэрний араас чухам юу хэлснийг мэдээгүй ч хэлсэн өнцөг нь бол “нүүрсний хулгайгаас өөр шийдэх ёстой, бодлого боловсруулах ёстой олон асуудал байгаа шүү. Үүндээ анхаарал хандуулахгүй байна аа” гэж уншигдаж байна.
Нүүрсний хулгай гэх энэ хэрэг хэзээ анх илэрсэн билээ. Өнгөрсөн оны арав, арван нэгдүгээр сараас эхэлж ярьсан, улсаараа шүүгч болж тоглосон энэ хэрэг дээр хуулийн байгууллага ямар ахиц гаргав. Нэг ч хүнийг шүүхээр оруулаагүй (эсвэл оруулах сонирхолгүй ч байж магадгүй) атлаа олон нийтийн сүлжээгээр байнга сэвж, дэвж байдаг энэ асуудлын ард яг ямар зүйл болсон бэ, хэний ямар эрх ашиг байсан бэ? гэдэг дээр иргэд ямар ч мэдээлэлгүй хэвээр байгаа. Хуулийн байгууллага ажлаа яв цав хийгээд, үр дүнгээ тайлагначихсан бол өнөөдөр бид нүүрсний хулгайн хэрэгтнүүдийг нэр цохож хэрэлдэх биш, ийм хулгай дахиж гаргахгүйн тулд юу хийх вэ? Төрийн өмчит компаниудаа яаж зохион байгуулах вэ? Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс яаж сэргийлэх вэ? гээд дараа дараачийн асуудлуудаа яриад, шийдээд явж байх ёстой байлаа. Гэтэл хулгайд оролцсон гэх хэдэн хүнийг л тойрч хэрэлдээд “ал, дүүжил” гэсээр бүтэн найман сарыг ардаа хийгээд байгаа нь Х.Булгантуяагийн хэлсэнчлэн “бидний үнэт зүйл” лав биш ээ. Засгийн газар, УИХ-ынхаа түвшинд ярьдаг ганцхан сэдэвтэй, урагшаа харсан нэг ч бодлого явахгүй, ярихгүй байгаа нь бол үнэн шүү дээ. Өөрийнх нь хашиж буй албан тушаалыг бодоод үзсэн ч гэсэн цалин, тэтгэвэр гээд нийгмийн хамаалал тойрсон асуудлууд нь хоолой дээр хуга тавьчихаад байхад нүүрсний хулгай тойрч улс төржихөөсөө илүү салбарынхаа асуудлыг ярих нь энэ хүний үүрэг. Ерөөсөө сүүлийн хоёр, гурван жилийн хугацааг манай Засгийн газар Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай л ярьж өнгөрөөлөө. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь бүхэлдээ “гэмт хэрэгтэй тэмцэх” чиг үүргийг сайн дураараа хүлээгээд авчихсан, нэг л их хулгай барих, дарах гэсэн хүмүүс. Гэтэл энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага нь тусдаа, Засгийн газрынхаа харъяанд ажиллаж байгаа биз дээ. Ядаж Хууль зүйн сайд нь энэ асуудлаа хариуцдаг, ярьдаг байгаад бусад нь өөр өөрсдийн чиг үүргээ хэрэгжүүлдэг, өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг болчихмоор байна л даа. Үүнийг л хэлсэн байх гэж харагдсан. Гэтэл үүнийх нь төлөө яана яана ч гэнэ вэ. Өөрсдийгөө “иргэний дуу хоолой” гээд итгэчихсэн, тэгсэн хэрнээ улс төр дэх бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг илэрхийлээд сурчихсан хэвлэл, сэтгүүлч нар хүртэл орж ирээд “Х.Булгантуяаг огцруулъя” энэ тэр. Хүнийг үзэл бодолтой байсных нь төлөө, бусдаасаа арай өөрөөр дуугарсных нь төлөө ялладаг ямар хууль байдаг юм. Х.Булгантуяа Засгийн газрынхаа, эсвэл намынхаа бодлогын эсрэг ямар үг, үйлдэл хийсэн гэж.
Хэрвээ нүдээ нээгээд харвал бидэнд нүүрсний хулгайнаас илүү чухал маш олон асуудал байгаа. Улс орны эдийн засаг сайжирч байна, төсвийн орлого, экспорт нэмэгдэж байна гэж яриад л байдаг. Гэтэл тэр мөнгөө хааш нь оруулах, ямар асуудлыг шийдэх вэ гээд УИХ, парламентын түвшинд ярих, шийдэх ёстой түмэн асуудал байгаа. Үүнтэй харьцуулахад нүүрсний хулгай гэдэг бол ёстой “наядугаар асуудал” болно. Засгийн газрын нэг агентлагийн л хийх ёстой ажил шүү дээ.
Яг үнэндээ бол, нүүрсний хулгайн хэргийг ингэж их улстөржүүлэх нь МАН-д өөрт нь л хохиролтойМагадгүй, улс төрийн сөрөг намуудын ярих ёстой, дэвэргэх ёстой сэдэв мөн. Харин эрх баригч намаас иргэдийн хүсч байгаа зүйл бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх сайн бодлогыг л хүлээж байгаа. Тэр хүлээлт нь үр дүнгүй болоод байгаа учраас иргэд бухимдалтай байгаа. Энэ бухимдал, стрессийг нэмэх нь эрх баригч намын бодлого байх ёсгүй л дээ. Үүнийг л Х.Булгантуяа гишүүн хэлчих шиг болсон. Үүнийхээ төлөө нийгмийн сүлжээгээр хоёр дахь өдрөө буллидуулж байна.
УИХ-ын гишүүд ч гэсэн ийм зүйл дээр хэрсүү хандах ёстой. Яг үнэндээ МАН төр бариад байна уу, эсвэл 20-30 хүнтэй тус тусдаа соошил багууд нийгмийн уур амьсгалыг удирдаж байна уу? гэдгийг харах ёстой. Төрийн бодлого, үйл ажиллагаа ийм зүйлээр удирдуулж, залуурдуулж болохгүй л дээ. Үр дүнд нь яг юунд хүрэх юм. Өөрсдийгөө талбай дээр шатаалгах гээд байгаа юм уу? Эсвэл намаа тараалгах уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай энэ асуудлаар хуралдаж, Монголын төрийг хэн хаанаас удирдаад байгааг ярилцах цаг болж. Мөн зохион байгуулалттай сошиал дайралтаас айж үгээ хэлж, байр сууриа илэрхийлэхээс айж бэмбэгнэх болсон УИХ-ын гишүүд нь ч үндсэн ажлаа хий. Та нар хууль баталж, түүндээ зөв бурууг дэнсэлж нээлттэй хэлэлцэх үүрэг хүлээн сонгогдсон болохоос бус хууль хяналтын байгуулага нь баривчлаж дөнгөхгүй байгаа Женкогийн сүүдэрт дарамтлуулж, эзэн биегүй, үг дуугүй сүнс биш шүү, гишүүд ээ.
Б.ЗАЯА