Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцож байна.
"Наадмын үеэр гар урлаачдынхаа бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, олон улсын гар урлаачидтай Монголынхоо гар урлаачдыг хамтран ажиллах боломжоор хангах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Мөн Сүхбаатарын талбайд маргаашаас хамтарсан үзэсгэлэн, худалдаа гарна" хэмээн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэллээ.
Түүнчлэн иргэдийг Сүхбаатарын талбайд зочилж, монгол болон олон улсын гар урлаачдын бүтээлчтэй танилцаж, хамтран бүтээл хийх боломжтой гэдгийг онцлов. Наадмын хүрээнд төв талбайд зургаадугаар сарын 16-18-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулна. Мөн гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалтууд зэрэг олон үйл ажиллагаа болох юм.
Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, "Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэй зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Энэ оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд гар урлалын төрлийг нэмснээрээ онцлог" гэдгийг тодотгов.
Хэвлэлийн хурлын үеэр “Asia Folk 2023” наадмын шүүгчээр Малайз Улсаас уригдан ажиллаж буй Росли Сидек дэлхий нийтийн анхаарлыг нийслэл Улаанбаатар хотноо төвлөрүүлж, урлаг, соёлыг дэмжсэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.
Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.