К-поп хөвгүүдийн хамтлагийн ертөнцөд шинэ нүүр царай болсон, БНСУ-ын энтертайнмент зах зээлийн түүхийг бүтээлцэж буй BTS хамтлаг үүсгэн байгуулагдаад арван жилийн хугацаа өнгөрчээ.
Тус хамтлагийн онцгой өдрийг тэмдэглэхээр БНСУ-ын нийслэл Сөүлд зөвхөн Солонгосын гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс “арми” нар цуглаж байна. (BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийг арми гэж нэрлэдэг) Хэдий хамтлагийн хоёр гишүүн цэрэгт татагдаж, уран бүтээлээсээ түр завсарлага аваад байгаа ч арми нар BTS-ийн арван жилийн ойг “нүсэр” тэмдэглэж байна. Тухайлбал, Намсан цамхаг тэргүүтэй БНСУ-ын алдартай барилга байгууламжууд тус хамтлагийн бэлгэдэл болсон нил ягаан өнгөөр чимэглэжээ. Энэ бямба гарагт хамтлагийн ахлагч RM шүтэн бишрэгчидтэйгээ уулзах товтой байгаа ба үүний дараа Хан мөрний ойролцоо баярын салют буудах юм байна. BTS-ийн баярыг тэмдэглэхээр ирсэн шүтэн бишрэгчдэдээ хандан тус хамтлагийн гишүүн Жон Гүг “Бидэнд хайр, аз жаргалыг зааж өгсөн та нартаа баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.