Захын хорооллын дэлгүүрүүдийн худалдагчид орлого эрс буурсаар удаж байгааг хэлж байна. Иргэд хоногийн хоолны мах, ногоогоо граммлан, зээлээр авч буй аж. Өмнө цалингаа буухаар өрөө өгдөг байсан бол одоо өрөө өгөөд маргааш нь дахиад зээлээр хүнсээ авч байна гэж худалдагчид мөн хэллээ.
Энэ талаар худалдагчид:
- Бараанууд хамгийн багадаа 300-400 тэгээд үүнээс дээш нэмэгдэлтэй орж ирж байна. Будаа, элсэн чихрийн үнэ нэмэгдэж орж ирж байгаа. Чихэр печень гэхэд хамгийн багадаа 1000 төгрөгийн нэмэгдэлтэй. Хүн орж ирэх нь цөөрсөн. Ерөөсөө юм авахгүй байна. Ургамлын тос гэхэд л 7000 төгрөгөөр зарагддаг байсан бол 9000-12000 болтлоо өссөн. Нэмэхгүй байя гэхээр өдөр, шөнөгүй дэлгүүртээ сууж байгаа бидэнд ямар ч ашиггүй. Хүмүүс бичүүлсээр байгаад өрийн дэвтэрт 2-3 сая төгрөгийн өр байна. Өмнө өрөө дараад дараагийн цалин хүртлээ болгодог байсан хүмүүс маргааш нь дахиад шууд зээлээр хоолныхоо материалыг авч байна. Том хэмжээтэй мах авахгүй. Жижиглэнгээр ирсэн махнууд маш сайн зарагддаг. Хүмүүс орж ирээд үнэ нэмэгдсэн байна л гэдэг юм. Би ямар нэмчихсэн биш дээ гээд л сууж байна. Манай дэлгүүр л ганцхан ийм муу байгаад байгаа юм уу гэхээр үгүй юм.
- Бүх барааны үнэ л нэмэгдсэн дээ. Уут торноос авахуулаад л… Идэх будаа уух сүү нь 5000 төгрөг болчхоор иргэд яаж амьдрах вэ. Өдөр болгон л орж ирж өдөр, өдрийнхөө хүнсийг авдаг хүмүүс олон байна. Зарим хүмүүс ногоогоо 100-200 граммаар эсвэл бүр нэг ширхэг лууван ч авч байна
Иргэдийн хувьд ч гэсэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цалин огт нэмэгдэхгүй, өндөр татвар төлж цалингаас цалингийн хооронд амьдрах хүнд байгаа тухай хэллээ. Мөн тэд хүнсэндээ ногоо хэрэглэхээ болиод удаж байгаа, боломждоо тааруулаад л амьдарч буй тухайгаа ярилаа.
Нэмэгдээд байгаа бараа бүтээгдэхүүний үнэд төр засаг нь хяналт тавих ёстой биз дээ. Ямар шалтгаантай яагаад ингээд байгааг ард иргэд бид мэдэхгүй. Бид хариултаа авч чадахгүй байна. Хүндрэлтэй байна. Сүүлдээ тавилантайгаа эвлэрнэ гэдэг шиг байгаа цалиндаа тааруулаад нарийн ногоо ч авахаа байсан. Хүн ямар ганцхан идэхийн төлөө амьдардаг биш. Гарч орох, үзвэр үйлчилгээ үзэх зэрэг бусад хэрэгцээгээ автоматаар таслан зогсоож байна шүү дээ. Хэзээ ч цалин нэмэгдэх юм. Миний хувьд яах вэ тодорхой хэмжээнд өөрийгөө бариад л байж байна. Маш хүнд хэцүү амьдралтай хүмүүсийн тухай ярихаас ч айж байна. Махны үнэ арай л хэтэрч байна. Үмх мах идэх гэж бүтэн өдөржин ажиллаад байгаа юм шиг санагдах боллоо" гэв.