Дэлхий дээр хоёр секунд тутам хэн нэгэнд цусны хэрэгцээ бий болж байдаг гэх судалгаа бий. Өнөөдөр бол “Цусны донорын дэлхийн өдөр” юм. Энэхүү өдрийн хүрээнд төв талбай дээр хүндэт донорууд маань цуглан баяраа тэмдэглэж байгаа билээ.
Хүндэт доноруудын хандивласан цусны ачаар төрхийн хүндрэл, цус алдалт, цус багадалт, осол гэмтэл, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орж байгаа хүмүүс хүндрэл бэрхшээлгүй даван туулж чаддаг юм. Өөрөөр хэлбэл бүлээн цусаараа халуун амийг авардаг эрхэм хүмүүс бол донорууд билээ.
Тиймээс өрөг.мн сайт уншигч та бүхэндээ 18 наснаасаа эхлэн нийтдээ 100 гаруй литр цусаа хандивласан хүндэт донор Тунгалагийг танилцуулж байна.
–Урт удаан хугацаанд тууштайгаар цусаа бэлэглэж, олон хүний алтан амийг аварсан танд баярын мэнд хүргэе. Та өөрийнхөө талаар ярьж өгч болох уу?
Би худалдааны техникумд суралцаж байх үед миний ангийн найз охин цусаа өгөх талаар хэлэхээр нь уухайн тас очиж шиншилгээ өгч тэнцээд 18 настайдаа донор болж байлаа. Би 35 удаа цусаа хандивласныхаа дараа 1978 онд “Хүндэт донор” болсон юм. Одоо 70 нас гарчихсан хэдий ч эрүүл саруул сайхан явж байна. Энэ хугацаанд тооцоод үзэхээр нийтдээ 100 гаруй литр цусаа хандивласан байгаа юм даа.
-Та донор гэдгээрээ бахархдаг уу. Танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Цусаа өгөх үед цус сэлбэгдэн, бие хөнгөрсөн мэдрэмж авдаг. Хүний алтан амийг аварч байна даа, нэг ч гэсэн хүнийг гэр бүлтэй нь хамт үлдээж чадлаа гэх мэдрэмж бол маш буянтай үйл хэрэг шүү дээ. Чухам тэр мэдрэмжээсээ болоод бид өдийг хүртэл цусаа өгөөд явж байна.
-Таны арьс маш сайхан гэрэлтсэн харагдаж байна. таны бие хөнгөн шингэн байгаа нь цусаа хандивладагтай холбоотой болов уу?
Тиймээ. Би ер нь ханиад бараг хүрж үзээгүй. Хүүгээ төрүүлэх үедээ л эмнэлэг орсон байх. Миний бие одоо их эрүүл байгаад баяртай байдаг. Хүмүүс намайг “Хүндэт донор” гэдгийг мэдээд бүгд л баяр хүргэж, “Ямар гоё юм бэ. Хүний амийг авардаг учраас чи эрүүл саруул, хөнгөн шингэн сайхан байдаг юм байна шүү дээ” гэж хэлдэг дээ.
Зөвлөгөө мэдээ
Цусаа хандивлахыг хүсэж байгаа хүмүүс 17-67 настай байх ёстой. Мөн эмэгтэй 45 кг-аас дээш жинтэй, эрэгтэй 50 кг-аас дээш жинтэй болон өөрт ямар нэгэн зовуурьгүй цусаа хандивлах бүрэн боломжтой ажээ.
Харин цусаа өгч эхэлсэн бол эрэгтэй хоёр сар тутам, эмэгтэй гурван сар тутамд хандивлах нь зүйтэй. Цусаа өгөхдөө 30-40 минутын хугацаанд нэг удаадаа 350-400 мл цус өгөх юм.
Цусаа өгөхөөр ирэхдээ:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх хэмжээний бичиг баримттай ирэх
- Эм тариаг 14 хоног дотроо хэрэглээгүй байх
- 6 цагаас дээш хугацаанд унтаж амарсан байх
- 3 хоног дотроо согтууруулах ундаа хэрэглээгүй байх
- Шингэн зүйл сайн уух
- 1-2 хоног дотроо сүү сүүн бүтээгдэхүүн, тос өөхтэй хоол, өнгөтэй уух зүйлс хэрэглээгүй байх хэрэгтэй.