Өрөг.мн сайт энэ удаа өөрсдийн чин хүсэл сонирхлоороо нэгдсэн таван эмэгтэйн бизнесийн талаар онцолж байна. Тэдний нэг, гар урлаач Э.Эхжаргал бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Э.Энхжаргал: Манай байнгын эрхэлж байгаа бүтээгдэхүүн нь сүлжмэл, сагс зэрэг арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Захиалагчийн хүссэн хэмжээ, загвар, өнгөний сонголттойгоор бүх бараагаа хийнэ. Үүн дотор өөхөн тосоор хийсэн саван, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, лааны суурь зэрэг багтана. Бид бүтээгдэхүүнээ хийхдээ уран зангилааг түлхүү ашигладаг.
-Асарт ороод ирэх үед нүдэнд туссан зүйл бол хувцасны сагс байлаа. Энэ талаараа ярьж өгөөч?
Хувцасны сагсны захиалга маш их ирдэг л дээ. Энэ сагсыг янз бүрийн хэмжээ загвартайгаар гаргадаг. Арчилгааны хувьд чийгтэй алчуураар арчихад л хангалттай, үнэхээр шаардлагатай бол хөнгөхөн угаасан ч болно. Тийм учраас хэрэглэхэд их амар байдаг.
-Хувиараа бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс ямар дэмжлэг байгаасай гэж хүсдэг вэ?
Юуны түрүүнд багаараа ажиллахын давуу тал олон байдаг. Ядаж л шантрах үед нэгнийгээ сэтгэл санаагаар өргөж чадна. Шинэ санаа гаргаж, хамтарч бүтээнэ гэх мэт. Үүнээс гадна томоохон компаниудаас маш олон тоотой захиалга ороод ирэх үед ганцаараа богино хугацаанд хийх боломжгүй. Гар урлаачдын зүгээс тулгамддаг гол асуудал бол борлуулалт байдаг. Тиймээс гар урлаачдын хувьд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад талархууштай хүлээж авч байгаа.
-Гар урлал хийхийг хүсэж байгаа хэдий ч мөнгө олж чадахгүй байх гэсэн айдастай байгаа хүмүүс бий шүү дээ. Тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Чин сэтгэлээсээ чанартай, өнгө үзэмжтэй хийсэн зүйлс сайн борлуулагддаг. Нөгөө талаар мөнгө олно гэсэн сэтгэлээр хуурмаг хийвэл тэр бүтээгдэхүүн борлуулагдахад их хэцүү. Тиймээс чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй гэж би хэлнэ.